“Газпром” компанийн Европын Холбооны орнуудын хэрэглэгчдэд нийлүүлж байгаа байгалийн хийг дамжуулах зорилгоор Европын комисс, ОХУ-ын Засгийн газар, Украины Засгийн газар Украины нутгаар хий дамжуулахад мониторинг хийх механизмыг нэн даруй боловсруулах тухай гэрээ байгуулав. Гэрээ нэн даруй хүчин төгөлдөр болж байна.
   Олон улсын комисс дараах бүрэлдэхүүнтэй мониторингийн механизмыг хэрэгжүүлнэ: Европын комисс болон түүний шинжээчид, ОХУ-ын Эрчим хүчний яам, Украины түлш, эрчим хүчний яам, “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэг, “Нафтогаз Украина” үндэсний нээлттэй хувьцаат компани, оросын хийн хэрэглэгч европын компаниуд, тухайлбал: GdF Suez S.A (Франц), E.ON Ruhrgas AG, WINGAS GmbH (Герман), RWE Transgas a.s. (Чехийн бүгд найрамдах улс), SPP a.s (Словак), EconGas GmbH (Австри), ENI SpA (Итали), FGSZ Ltd.(Унгар), EAO Sofiagaz (Болгар), Грекийн Улсын хийн корпораци (Грек), “Молдовгаз” Нээлттэй хувьцаат нийгэмлэг (Молдова), Statoil Hydro (Норвег), Societe General de Surveillance компани юм.
   Европын комисс, ОХУ-ын засгийн газар, Украины засгийн газар, холбогдох үндэсний компаниудтай хамтран мониторинг хийхэд тал бүрээс 25-аас хэтрэхгүй ажиглагч томилно. Талууд томилсон хүмүүсийн талаар талууд бие биедээ мэдээлэх үүрэг хүлээнэ.
   Ажиглагчид Украин, Оросын болон Европын Холбооны гишүүн орны нутаг дэвсгэрт дор дурдсан цэгүүдэд урсаж байгаа хийн талаар мэдээлэл цуглуулах, цуглуулсан мэдээллээ Европын Комисс, Украины засгийн газар, ОХУ-ын засгийн газарт албан ёсны зорилгод ашиглахаар танилцуулах үүрэг хүлээнэ.
   Талууд энэ асуудалд хамаатай бүх объектад ажиглагчдыг бүрэн, хязгаар тавилгүй оруулах баталгаа өгнө. Тухайлбал:
   — Украины нутаг дэвсгэрт: хийн газар доорх агуулах болон дараах станцад: Орловка, Теково, Берегово, Ужгород, Дроздовичи;
   — ОХУ-ын нутаг дэвсгэрийн хэмжих станцад: Сохрановка, Сужа, Писаревка, Валуйки, Платово;
   -Украинтай хиллэдэг Европын Холбооны нутаг дэвсгэрт: Оросоос Украины нутгаар дамжуулан Европын Холбооны орнуудад хий нийлүүлэхэд шаардлагатай мэдээлэл, объектад шаардлагатай хугацаагаар. Дээд дурдсан объектод орох эрх авахын тулд энэ протоколын баталгаажуулсан хуулбарыг танилцуулахад хангалттай юм.
    Ажиглагчдын цуглуулсан, мөн хэмжих станцад авсан мэдээллийг Брюссель, Москва, Киевийн холбогдох байгууллагад нэн даруй дамжуулна.
   Украин, ОХУ-ын төр засаг Украин, Орос улс, мөн Европын Холбооны гишүүн орнуудын нутаг дэвсгэрт ажиглгчдын ажиллах нөхцлийг хангаж, энэ ажиллагааг явуулахад саад үл учруулах үүрэг хүлээнэ.
    Ажиглагчдын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бүх зардлыг тэднийг томилсон улс орнууд хариуцана.
   Талууд ойрын үед “Олон улсын шинжээчдийн комисст” илүү дэлгэрэнгүй техникийн даалгавар агуулсан Украины нутаг дэвсгэрээр хий дамжуулах тухай протоколыг боловсруулж, гарын үсэг зурах бодолтой байна. Энэ техникийн даалгавар нь дараах асуудалд хамаатай:
  — Украины нутгаар байгалийн хий дамжуулах үүргийн биелүүлэхэд хяналт тавих;
  — Европын Холбоонд хий дамжуулахад ашиглаж байгаа, Украинд орших хийн газар доорх агуулахыг оролцуулаад хий тээвэрлэх системийн техникийн байдалд мониторинг хийх; түүнчлэн
   — Украины нутгаар байгалийн хийг оновчтой дамжуулах зөвлөмж, санал боловсруулах зэрэг бусад асуудал;
  -Орос, украины хий тээвэрлэх системийг холбосон цэгт орших Оросын нутаг дэвсгэрийн хэмжих станцад мониторинг хийх, Украинтай хиллэдэг Европын Холбооны орнуудын нутаг дэвсгэр дахь хэмжих станцад хяналт тавина.

   Талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурав
Европын комиссийг төлөөлөн эрчим хүчний асуудал эрхэлсэн Европын Холбооны комиссар ноён Андрис Пиебалгс

  ОХУ-ын засгийн газрын төлөөлөн Игорь Сечин
  Украины засгийн газрыг төлөөлөн Григорий Немыря
  “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн өмнөөс Алексей Миллер
  “Нафтогаз Украина” Үндэсний хувьцаат компанийг төлөөлөн Владимир Триколич