ОХУ-ын Дагестан, Курган, Омск, Ростов муж, Москва, Санкт-Петербург, Татарстан зэрэг янз бүрийн бүс нутгийн олон хүүхэдтэй 8 өрхөд Д.Медведев энэ одонг гардууллаа. “Улсын ирээдүй ямагт эхийн гарт байдаг” гэж ерөнхийлөгч мэндчилгээндээ тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Орос улсад өнөөгийн байдлаар олон хүүхэдтэй 1,5 сая өрх байна. Энэ улсын зургаан хүүхэд тутмын нэг нь олон хүүхэдтэй өрхөд өсч, торниж байна. Та бүхэн үр хүүхдээ хүмүүжүүлж, нийгэмд үлгэр болохын зэрэгцээ манай улсад хэдэн зуунаар тогтсон эцэг эхийн уламжлалт, онцгой үүргээ үргэлжлүүлэн биелүлж байна. Ирээдүйгээ итэлтэй харах, хэвийн өсч, бойжих үндсийг та бүхэн үр хүүхэддээ бүрдүүлж байгаа биз ээ хэмээн Д.Медведев олон хүүхэдтэй гэр бүлийг шагнахдаа хэлсэн юм». Кремльд сэтгэл хөдөлгөсөн ёслол боллоо. Энэ одонгоор шагнуулах хүмүүсийн тоонд анх багтсан олон хүүхэдтэй эцэг эхийг хүүхдүүдийнх нь хамт Кремльд урисан юм. Тэд анх удаа гэр бүлээрээ хамт аялж байгаа нь энэ юм. Тухайлбал Курган мужийн Андрей, Светлана Мальцевын өрх 20 хүнтэй. Эцэг эхээс гадна 18 хүүхэдтэй. Тэдний 5 нь төрсөн, 13 хүүхдийг өргөж авсан байна. Ростов мужийн гэгээнтэн Иоанн Осяк, түүний гэргий Надежда нар бараг бүх гэр бүлээрээ иржээ. Тэднийх 17 хүүхэдтэй. Тэд өнгөрсөн оны хавар төрсөн хамгийн бага охин Ксениягаа бас авчирчээ. Тэдний эх охин 24 настай Ольга саяхан амаржсан тул гэр бүлийнхэнтэйгээ нийслэлд ирж чадаагүй байна. Тэрээр гурав дахь хүүхдээ төрүүлжээ.
Эцэг эхийн одон хүртсэн өрхийг төлөөлөн Омск мужийн олон хүүхэдтэй эх Надежда Попова Кремльд үг хэлэв: «Орос улсын бүх эцэг эхэд хандан үг хэлэхийг зөвшөөрнө үү. Үр хүүхдээ хайрлаж, тэднийгээ хүмүүжүүлж, гудамжинд бүү гаргаарай. Хүүхэд бол манай ирээдүй, баялаг, бидний аз жаргал билээ. Тэд Орос улсын бахархал юм. Дэлхийн бүх өрхөд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж, “Сайн үйлсийнхээ хариуг хүртэнэ” хэмээн Омск нутгийнхны ярьдагийг хэлмээр байна». “Эцэг эхийн алдар цуу” одонг төрийн тэргүүний 2008 оны 5-р сарын 13-ны зарлигаар олгожээ. Орос улсын түүхэнд хүүхдийн хүмүүжлийн гавьяаг үнэлэн Гэгээн Ольгийн шагнал гардуулж байжээ. Энэ одонг ганц эх хүртсэн юм. Дөрвөн офицер хүүтэй Вера Панаева 1915 онд энэ одонгоор шагнуулжээ. Дөрвөн офицерын хүүгийн нь гурав нь Гэгээн Георгийн одонгоор шагнуулж, дэлхйн нэгдүгээр дайнд үрэгдсэн юм.
“Эцэг эхийн алдар цуу” одон нь Гэгээн Ольгийн одонгийн загалмайтай ижилхэн байна. Шинэ одонгийн тууз Гэгээн Ольгийн одонгийн туузтай төстэй юм. Шинэ одонгийн туузанд Орос улсад сурган хүмүүжүүлэхийн өнгө гэгддэг цайвар цэнхэр өнгийг нэмжээ. Ногоон өнгө нь байгаль, амьдрал, шинэчлэл, үржил шимийг илтгэдэг тул амьдралын төлөөх үйл хэргээр олсон амжилтыг илтгэдэг ногоон өнгийг туузанд мөн нэмсэн байна. Эцэг эхэд нь нэг одон, костюм дээр хатгах хоёр жижиг хуулбар одонг дагалдуулжээ. Одон гардуулахад 50 мянган рубль буюу 2 мянга орчим мөнгөн шагнал олгосон байна. Олон хүүхдэтэй өрхөд энэ мөнгөөр худалдан авах зүйл мундахгүй их байгаа байх. “Хамгийн гол нь хүүхдүүд Орос улсын нийслэл Москвад ирж, Кремлийг үзлээ”.

<сонсох>