Цэргийнхэн, залуу бүсгүйчүүл, ойн болон түүхэн, шаазан, модон, дөрвөлжин, хананы тасалбар хуанли байна. Москвагийн Түүхийн музейд 300 жилийн турш Орос улсад хэвлэсэн янз бүрийн хуанлийг дэлгэн үзүүлжээ. Оросын анхны хэвлэмэл хуанли 1708 оны төгсгөлд бий болсон байна. Оросын Петр 1 хааны анх хийсэн шинэчлэлийн нэг нь оныг “Ертөнц бүрэлдсэнээс” бус “Христос мэндэлсэн” үеээс тоолох, Шинэ жилийг урьдын адил 9-р сарын 1-ээс бус 1-р сарын 1-ээс тэмдэглэхээр болжээ. Петр 1 хааны хамтран зүтгэгч, математикч, одон оронч Яков Брюс шинэ үеийн анхны хуанлийг бүтээсэн юм. Үүнийг зургаан том хуудсанд хэвлэж, хананд өлгөсөн байна. Орчин үеийн хуанлигаас тэс өөр тул тусгайлан тайлбарлахгүй бол ойлгоход бэрх юм. Хүнд геометр дүрс, зурагт одон орон, цаг уур зэрэг бусад мэдээллийг багтаажээ. Шинжлэх ухаан Академийн 18-р зуунд хэвлэлсэн хуанли энгийн хүмүүст төдий л ойлгомжгүй, хүртээмж муутай байлаа. Тэр үеийн бүгдэд хүртээмжтэй хуанлийн талаар үзэсгэлэнгийн тайлбарлагч Людмила Сахарова ярьж байна. «19-р зууны дүнд үеийн хуанли байна. Тухайлбал сараар хэрчсэн гуалин, модны ердийн хэлтэрхий байна. Тэр үеийн шашны чухал баярыг тэмдэглэсэн загалмай, ямар нэг тэмдэглгээтэй. Алчууран дээрх хуанли байна. Нэг талаас энэ нь ахуйд ашиглах хэрэгсэл нөгөө талаас яармаг худалдааны хуваарийг бичсэн мэдээллийн чанартай эд байсан юм». 19-р зууны төгсгөлд олонх хуанли нь зузаан лавлахтай төстэй болсон гэж Людмила Сахарова үргэлжлүүлэн ярив. «Энэ тэр үеийн толь бичиг юм. Энд сүмийн хуанли, одон орон, шуудангийн мэдээллийн карт, даатгал, сурталчилгааны мэдээлэл, шүүхийн хэсгийн гарчиг байна». Өнөө үед хэвлэмэл хуанли зууны өмнөхөөс илүү гоёомсог болсон. Хэвлэлийн үйлдвэрлэл улам сайжирч байгаа ч, хуанлийн тухайд шинээр ямар нэг юм сэдэх боломжгүй. Тухайлбал олон хүн орчин үеийн бүтээл гэж үзэж байгаа халаасны хуанли 205 жилийн тэртээ анх бий болжээ.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав