2008 оны 5-р сарын 24-ид Белград хотноо болсон “Евровидение” олон улсын дууны уралдаанд Оросын дуучин Дим Билан гайхалтай ялалт байгуулсан билээ. Мартагдашгүй үйл явдал. Ирэх жил “Евровидение-2009” уралдаан 5-р сарын 12-16-нд Москва хотод болох гэж байгаа нь оросын шоу бизнес болоод оросын хөгжмийн хорхойтнуудад баярт, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болж байна. Орос улс уралдаанд бэлтгэж эхэлсэн бөгөөд зочдыг сэтгэл дүүрэн хүлээн авна гэдэгт Дима Билан итгэлтэй байна. «Ямар нэг тэсрэлт болсон мэт хүн бүр энэ уралдааныг ихээхэн сонирхож байна. Би саяхан Лондонд очсон. Тэгэхэд телевизийн Би-Би-Си суваг намайг асуултаар булсан. Улс орны талаарх бүх талын байр суурь бүрэлддэг “мэдээллийн орон зай” чухал болохыг тэр тэмдэглэв. “Евровидение” уралдаан энэ тухайд тод өнгө будаг нэмж байгаа сайхан арга хэмжээ юм. Ирэх жил Москвад олон хүн цугална» гэж дуучин нэмж хэлсэн байна. Дима Билан хоёр дахь оролдлогоор “Евровидение” уралдааныг Москва хотод зохион байгуулахаар болсныг сануулъяа. Тэрээр 2006 онд “Never let you go” дуугаар хоёрдугаар байрт орсон юм. Дуу дуулах үеэр цагаан өнгөтэй төгөлдөр хуурнаас үсрэн гарах мэт цагаан хувцастай сонгодог бүжгэн жүжигчин тайзан дээр гэнэт гарч ирэхэд үзэгчид дуу алдацгаасан юм. Дима Биланы “Евровидение” уралдаанд зориулж найруулагчтай хамт бэлдсэн номер нь урьдынхаас улам өөр болжээ. Түүний “Надад итгэ” дуунд хийлч Эдвин Мартон хийлээ эгшиглүүлж, дэлхийн бүх эмэгтэйн сэтгэлийг эзэмдсэн уран гулгалтын олимпийн аварга Евгений Плющенко гулгасан юм. Тэд телевиз болоод танхимд ямар их эрч хүч түгээж байсан бэ? Хамгийн дээд 12 оноог долоон удаа авсан юм. Тэр үед 24 орны өрсөлдөгч хол хоцорсон байна. Москва Белградаас уралдааны бэлэг тэмдгийн түлхүүр авч, тавдугаар сард хөгжмийн асар том баяр болох “Олимпийский” спорт цогцолборыг шинэчилж байна. Дурын хэрэглэгч “Eurovision Song Contest in Moscow 2009” олон улсын вэб хуудсыг сонирхоход уралдаанд хэрхэн бэлдэж байгаа явцыг сонирхох боломжтой. Дима Биланы хэлсэн үг биелж, Москвад олон хүн ирэх төлөвтэй байна. Гадаадын 2 мянган сэтгүүлч итгэмжлэх үнэмлэх авч, 100 сая орчим хүн уралдааныг телевизээр үзэж сонирхоно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав