Foto genden.org“Монголын үндэсний удирдагч Пэлжидийн Гэндэн. Намтарын зураас” Оросын нэрд гарсан монгол судлаач, түүхийн ухааны доктор Сергей Рощин ийм нэртэй шинэ ном хэвлүүллээ. 20-р зууны 1920-1930 онд Монгол Улсын төрийн томоохон зүтгэлтний тухай өгүүлсэн энэ ном нь оросын орчин үеийн түүх судлалд анхны бүтээл болж байна. П.Гэндэний хувь заяа эмгэнэлтэй байв. Түүнийг 1937 онд хэлмэгдүүлжээ. Номын зохиогч Сергей Рощин өнөөдөр манай нэвтрүүлэгт оролцож байна.
Асуулт: Пэлжидийн Гэндэн улс орныхоо түүхэнд гүн гүнзгий мөр үлдээсэн хүн юм гэж Сергей Константинович ярьж байна. Олон хүн тэр дундаа Монголын ахмад үеийнхэн түүнийг сайн мэдэнэ. Гэсэн ч, та түүний туулсан амьдралаас ярихгүй юу?
С.Рощин: «Гэндэн ердийн малчин гаралтай хүн. Тэрээр хувь заяны эрхээр 1924 онд Бага хурлын тэргүүлэгчдийн дарга, дараа нь 1928 онд эрх баригч МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дөрвөн жилийн дараа улсын ерөнхий сайд болсон юм. Тэр хурц зантай, ер бусын хүн байв. Тэрээр өөрийн үнэ цэнээ мэддэг, гадаад бодлого, улс орныг хөгжүүлэх бүх асуудлаар тодорхой байр суурьтай ер бус хүн байсан. Тэр үед Монгол улсын гадаад бодлого ЗХУ-ын бодлогод тулгуурлаж байсан нь тодорхой. П.Гэндэн ЗХУ-тай хамтарснаар Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болохыг сайн ойлгож байсан. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагааны хэд хэдэн асуудлаарх түүний байр суурь зөвлөлтийн байр суурьтай тэр бүр давхцаж байгаагүй тул Сталин тэргүүтэй зөвлөлтийн удирдлагатай ноцтой санал зөрөлдөж байсан юм. Тэр үеийн Монголын намын удирдлагатай ч, мөн зөрчилдөж байв. 1936 оны төгсгөлд П.Гэндэнийг бүх албан тушаалаас нь халж, ЗХУ-д эмчлүүлэх нэрийдлээр явуулжээ. Дараагийн жил түүнийг баривчилж, 1937 онд ЗХУ-д буудан хороосон юм».
Асуулт: Өнөөгийн байдлаар Монголын төр засгийн байгууллагад байх үеийн П.Гэндэний үйл хэргийн түүхэн үнэн мөнийг сэргээсэн. Түүнийг бүрэн цагаатгасан юм. Таны номын гол санаа юу вэ?
С.Рощин: «П.Гэндэний нэрийг урьд ЗХУ-д үзэл сурталын үнэлгээний өтгөн манан дунд зөвхөн мэргэжилтнүүд сайн мэдэж байсан. Өргөн олон уншигч түүний нэрийг төдий л сайн мэдэхгүй. Энэ ер бусын хүний талаар оросын уншигчдад үнэн мөнийг хүргэж, энэ орон зайг тодорхой хэмжээгээр нөхөх нь чухал хэмээн би үзсэн. Тэгээд ч П.Гэндэнийг ЗХУ-д хэлмэгдүүлсэн. Миний ном түүний гэгээн дурсгалд барьж байгаа өчүүхэн бэлэг юм. Байгаа эх сурвалж, ном хэвлэлд тулгуурлан бичсэн өөрийн гагц сэдэвт зохиолдоо П.Гэндэний амьдралын замын түүхийн гол шатуудыг судалж, тэр үеийн хүнд нөхцөлд түүний олон талын үйл ажиллагаанд товч шинжилгээ хийсэн юм».
Асуулт: Ямар эх сурвалж, ном зохиолд тулгуурласан номоо бичсэн бэ?
С.Рощин: «Орос улсын архивын нийгэм-улс төрийн түүхийн материал, Монгол улсын 1920-1930-оны нийгмийн амьдралын жинхэнэ дүр зураг, мөн тэр үеийн зөвлөлт-монголын хамтын ажиллагааны онцлогийг сэргээхэд тус болсон ОХУ-ын гадаад бодлогын архивын материалыг үндсэндээ ашигласан. Энэ үнэ цэнэтэй материалыг урьд ашиглах болможгүй байсан юм. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Их, Бага хурлын чуулган, МАХН-ын Төв Хорооны бүгд хурал, бага хурал, хурлын материал зэрэг бусад эх сурвалжийг ашигласан. Мэдээж хэрэг П.Гэндэний өөрийнх нь ажил юуны түрүүнд монголын дээд хуралд тавьсан илтгэл, хэлсэн үг, мөн төр засаг, намын бүтцийн асуудлаарх товхимол, нийтлэл нь чухал эх сурвалж болсон».
Асуулт: Номоо бүтээж, хэвлүүлэхэд танд хэн тусалсан бэ?
С.Рощин: «Миний номыг орос хэлээр маш сайхан хэвлэсэн Улаанбаатар дахь “Агиймаа” хэвлэлийн газар, түүний удирдлага Юрий Кручкинд энэ боломжийг ашиглан талархаж байгаагаа илэрхийлье. Би түүний охин Цэрэндулам, түүний хүргэн академич Содномтой танил байсан юм. Тэдэнтэй 2001 онд уулзахад надад материал, зөвлөлгөө өгсөн. Харамсалтай нь тэд хорвоогоос хэдийн халисан. Харин ач хүү П.Гэндэний Бэхбат өдгөө Монгол улсын нийслэлд хэлмэгдэгсдийн музейг тэргүүлж байна. Тэрээр гэр бүлийн архиваас олон ховор гэрэл зураг өгч, номыг зурагжуулахад тус болсон».

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав