Оросын 18 нас хүрээгүй хүүхэд, өсвөр насныхан оройн 10 цагаас хойш насанд хүрсэн хүний хараа хяналтгүй юуны түрүүнд зугаа цэнгээний газар буюу олон нийтийн газар байхыг хориглоно. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Орос улсад хүүхдийн эрхийн үндсэн баталгааны тухай” хуулинд өөрчлөлт оруулах төслийг Төрийн Думд өргөн барихаар төлөвлөж байна. Ерөнхийлөгч тохиолдлоор энэ хуулинд өөрчлөлт оруулах бодолтой байгаа юм биш ээ. Орос улсын 15 бүс нутагт хүүхэд, өсвөр наснхыханд хамаатай ийм хязгаарлалт жилийн турш хэрэгжиж байна. Ард түмэн энэ хязгаарлалтыг “хүүхдийн чимээ аниргүй цаг” гэж нэрлэх болжээ. Энэ хязгаарлалтыг хаа сайгүй тэр дундаа өсвөр насныхан нааштай хүлээж авсан гэж хэлэх аргагүй. Насанд хүрээгүй хүүхдээ шөнө клуб, кафед зугаацахыг зөвшөөрсөн эцэг эхийг зарим бүс нутагт торгож байсан тул энэ хязгаарлалтад дургүйцсэн насанд хүрэгчид байсан. Нэгэн өсвөр настай хүүхдийн эх Вера Смирнова хэлэхдээ, насны хязгаарыг 18 хэмээн яагаад ийм өндөр тогоосныг би ойлгохгүй байна. «Өсвөр насныхны гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ийм арга хэмжээ авч байгааг би ойлгож байна. Гэхдээ хориг арга хэмжээгээр аливаа асуудлыг шийдэх нь юу л бол доо. Тэгээд ч 18 нас хүртлэх хүүхдүүд зүгээр нэг сурагч биш шүү дээ. Тэд бол их дээд сургуулийн оюутнууд. Тэдэнд ийм хориг тавих нь гайхалтай хэрэг шүү дээ. Харин 13-14 насны хүүхдүүдэд энэ хязгаарлалт үр нөлөөгөө өгч болох юм. Хууль зөрчсөн хүүхдүүд төдийгүй эцэг эхийг нь шийтгэнэ» гэж В.Смирнова хэллээ. Харин 15 настай хүүгийн эцэг Евгений Пермяков энэ арга хэмжээ бяцхан хүний эрхийг зөрчиж байгаа юм биш үү? хэмээн үзэж байна. Тэр хэлэхдээ: «Шөнө гудамжаар явж байгаа бяцхан хүүхдийг насанд хүрсэн хүн зогсоогоод, чи гудамжинд юу хийж байгаа юм бэ? хэмээн асууна гэж Евгений ярьж байна. Хүүхэд ийм орой болсон хойно гудамжинд явах нь үнэхээр зохисгүй. Гэхдээ түүнд ийм эрх байхгүй гэсэн үг биш шүү дээ. Хүүхэд 14 настайдаа паспорт авч, эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнээр өөрийн үйлдэлээ хариуцаж эхэлдэг хирнээ гудамжинд гарахыг бид түүнд хориглох гэж үү?” Хуулинд оруулах өөрчлөлтийн гол санаа нь хүүхдийн эрхийг хязгаарлах бус түүнийг хамгаалахад орших ёстой. Хууль тогтоогчид шинэ санааг нягт боловсруулж, бүх онцлогийг харгалзах хэрэгтэй гэж Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев хэлсэн юм. «Холбооны субъектууд гудамжинд манай хүүхдийн ёс суртахуун, эрүүл мэнд, амь амьдралыг хэрхэн хамгаалахыг тодорхойлох хууль зүйн хэлбэрийг бид бүрдүүлнэ. Тэгэхлээр энэ хууль нэг талаас өсвөр насныхны гудамжинд үйлдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөгөө талаас хүүхдийг өөрсдийг нь хамгаалахад чиглэнэ». 15 бүс нутагт явуулсан туршилт үр нөлөөтэй болжээ. ДХЯ-ны сайд Рашид Нургалиевын ерөнхийлөгч Д.Медведевт танилцуулсан тоо баримтаас үүдэн хязгаарлалтыг төдий л дэмжихгүй байгаа хүмүүс энэ хязгаарлалтыг өөрөөр харахад хүргэжээ. «Липецк мужид энэ оны 11 сарын турш насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо бараг 12 хувиар буурсан гэж Рашид Нургалиев хэллээ. Энэ бол сайн үзүүлэлт. Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо бараг 59 хувиар буурсан байна. Хязгаарлалт үйлчилж байгаа ОХУ-ын 15 бүс нутагт иймэрхүү үзүүлэлттэй байна». Хүүхдийн чимээ аниргүй цаг оросын бүтээл биш ээ. Ийм хязгаарлалт Их Британид үйлчилж байна. Тэнд ийм хязгаарлалтыг хэрэгжүүлснээр хүүхдийн гэмт хэргийг эрс бууруулсан. АНУ-ын хэд хэдэн муж улсад мөн ийм үр дүнтэй байгаа юм. Тэгэхлээр “Хүүхдийн эрхийн тхуай” хуулинд оруулах өөрчлөлт нь бяцхан хүний эрхийг зөрчих бус түүнийн сайн сайхны төлөө хийж байгаа юм. Д.Медведевийн хуулинд өөрчлөлт оруулах төслийн гол санаа үүнд оршиж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав