Дэлхийн санхүүгийн хямарал улс төрч, ажил хэргийн хүрээнийхэн, олон нийтийн анхаарлын төвд байна. Үйлдвэрлэлийн уналт олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц асуудал биш юм. Орос, өрнөдийн зөрчлийг шийдвэрлэх нь үүнээс дутахгүй чухал хэмээн шинжээчид үзэж байна. АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчөөс олон зүйл шалтгаална. Орос улстай тогтоосон харилцаа нь АНУ-ын гадаад бодлогын тэргүүн зэргийн асуудлын нэг болох нь гарцаагүй. Цагаан ордны энэ чиглэлд хийх тодорхой алхам, санаачлагыг улс төр судлаачид хараахан таамаглахаар яарахгүй байна. Барак Обамын гадаад бодлогын багийн бүрэлдэхүүн эцэслэн тогтоогүй. Нөгөө талаас Вашингтоны дипломат бодлого хангалттай хуучинсаг байна гэж шинжээчид тэмдэглэжээ. Тэгэхлээр Барак Обама богино хугацаанд АНУ-ын гадаад бодлогын чиглэлийг өөрчилнө гэж таамаглах хэрэггүй юм. Үүний зэрэгцээ америкийн хэд хэдэн хэвлэлд бичсэнээр Оросын байр сууринаас их зүйл шалтгаална гэжээ. Хэрэв Москва Цагаан ордонтой үр нөлөөтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн бол өөрчлөлт хийх гэж хүлээх шаардлагагүй юм. “Шинэ Еврази” сангийн дэд ерөнхийлөгч Андрей Картунов энэ үнэлгээтэй санал нэг байна. «Москва ямар шинэ санаачилга гаргах, АНУ-д тулгарч байгаа бэрхшээлтэй асуудалд Орос улс ямар хэмжээгээр анхаарал хандуулахад бэлэн байгаа, мөн үүнийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа эсэхээс олон зүйл хамаарна. Хоёр орны харилцаанд хэд хэдэн хөндүүр цэг бий. Орос болон АНУ өнөөгийн байдлаар эдийн засаг, санхүүгийн зах зээлийн байдалд түлхүү анхаарал хандуулж байгааг харгалзах хэрэгтэй. Орос, АНУ санхүү эдийн засгийн хямарлыг гүнзгийрүүлэх сонирхолгүй байгаа ерөнхий байр суурь нь шинээр яриа хэлэлцээ хийх бодит нөхцлийг бүрдүүлнэ» гэж А.Картунов хэллээ. Дэлхийн хэд хэдэн хэвлэлд орос-америкийн харилцааг хэлэлцэхдээ, Москва, Вашингтон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтай тэмцэх, зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах америкийн төлөвлөгөө, Сомалийн эрэгт далайн дээрэмчдийн эсрэг хамтран тэмцэх зэрэг бүх чухал асуудлаар тохиролцох шаардлагатай болохыг тэмдэглэжээ. Хэрэв хамтын ажиллагааны ямар нэг чиглэл яриа хэлэлцээнээс ангид хоцорвол Вашингтон урьдын алдаагаа дахин давтан эрсдэл гаргаж байна. Кремль найман жилийн өмнөх тэр чиглэлээр хамтран ажиллахыг Цагаан ордонд санал болгож байна. Бушийн засаг захиргаа тэр үед Москвагийн бараг бүх саналыг хойшлуулахын эрхэмлэсэн. Одоо Бараг Обамад Орос, АНУ-ын харилцааг үр нөлөөтэй голдрилд оруулах бодит боломж бүрдсэн бөгөөд дэлхийн хэвлэлд тэмдэглэснээр тэр энэ боломжийг ашиглах ёстой юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав