ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын ассамблейн ивээлд анх удаа Санкт-Петербург хотод Невын олон улсын экологийн конгресс болов. Экологийн аюулгүй байдлын олон улсын систем байгуулах, байгалийн нөөцийг ашиглаж, удирдахад хууль тогтоомжийг сайжруулах, дэлхийн оршин суугчдын оршин амьдрах таатай орчныг хадгалах, мөн бусад асуудлыг дэлхийн 18 орны 700 гаруй төлөөлөгч хэлэлцсэн гэж манай сурвалжлагч Анатолий Новоселов ярив. Санкт-Петербургт болсон конгрессын үеэр төр, олон нийтийн зүтгэлтнүүд, эрдэмтэн, шинжээчид экологийн асуудлыг шийдэх нааштай туршлага солилцох, хүрээлэн буй орчны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн иргэний санаачилга, аж ахуйн үйл ажиллагаа байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх, байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах асуудлыг хэлэлцэв. Бүгд хурал болон дугуй ширээний уулзалтаар бараг хүн бүрт хамаатай чухал асуудлыг хэлэлцсэн юм. Цэвэр агаар, ус, хөрснөөс олон сая хүний ирээдүй эрүүл мэнд, амь амьдрал хамаарч байна. Орчин үед бүх орныг нэгтгэж байгаа гэрээнд тулгуурлан дэлхийн экологийн шинэ бодлогод шилжих шаардлагатай байгааг ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын Ассамблейн Зөвлөлийн дарга, Орос улсын Холбооны хурлын зөвлөлийн дарга Сергей Миронов тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «“Дэлхийн ногоон” ойг хадгалах нь экологийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Харамсалтай нь өнөө үед ойн нөөцийг хайр гамгүй ашиглаж байна. Олон улсын экологийн хууль тогтоомжийн ойн хэсгийг нэлээд чангалах хэрэгтэй гэсэн зарчмын байр суурьтай байна. Ойг хамгаалж, үржүүлэхэд энэ хууль түлхэц болох ёстой. НҮБ-ын таамагласнаар 2025 онд дөрвөн тэрбум орчим хүн ундны усаар хомсдоно. Харамсалтай нь өнөө хүртэл усны нөөцийн экологийн аюулгүй байдлыг хангах олон улсын найдвартай механизм алга байна. Тиймээс цэвэр усны нөөцийг хадгалах, ашиглах тухай олон улсын конвенцийг яаралтай бэлтгэх хэрэгтэй». Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгахад цаг алдалгүй тусламж үзүүлэх олон улсын аврах алба байгуулах, экологийн аюул заналын эсрэг үр нөлөөтэй тэмцэхэд авах арга хэмжээний нэгдсэн системийг боловсруулах шаардлагатай байна гэж форумд оролцогчид үзэж байна. Үүнээс гадна экологийн гамшигаас даатгах олон улсын сан байгуулах хэрэгтэй байна. Невын экологийн анхны конгресст хэлсэн санаа, зөвлөмж нь олон улсын экологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замд практик алхам болохоос гадна дэлхийн үнэ цэнэтэй нөөц, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн хамтарсан хөтөлбөр, стратегийг бэлтгэхэд шинэ түлхэц болно. Экологийн асуудлыг чухал, тулгамдсан байдлыг харгалзан олон улсын иймэрхүү хурлыг Санкт-Петербург хотод жил тутам зохиож, 2009 оны 5-р сард Нева мөрний эрэг дээрх хотод ийм арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав