Радио нэвтрүүлгийн олон улсын бага хурлын гол сэдвийн нэг нь энэ байлаа. Энэ бага хурал “Оросын дуу хоолой” радиогийн ивээлд Москва хотноо болж байгаа юм. Форумд Их Британи, Грек, Испани, Хятад, Украин, Швейцари болон бусад орны радио нэвтрүүлгийн төлөөлөгчид оролцож байна. “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкий зохицуулагчаар ажиллаж байна. Тулгамдсан асуудлаар маргаан өрнүүлж байна. Хямарлын нөхцөлд гадаадын сонсогчдын итгэлийг хэрхэн хадгалах вэ? Дэлхийн терроризмтай тэмцэхэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийн ямар арга хэрэгсэл ашиглах ёстой вэ? Орчин цагт гадаадын орнуудад нэвтрүүлгээ цацдаг радиогийн үүрэг ямар байх вэ? Москвагийн Улсын Их сургуулийн сэтгүүл зүйн факультетын декан Елена Вартановын байр суурийг хүргэвэл: «Интернет зэрэг шинэ сувгаар нэвтрүүлэг цацах олон улсын радио, телевиз аливаа улс оронд болж байгаа үйл явдлын дүр зургийг тодорхой хэмжээнд бүрдүүлдэг. Сонсогчид илүү идэвхжиж, анхны эх сурвалжийн төлөө эрмэлзэж байгаатай холбогдуулан олон улсад нэвтрүүлгээ цацдаг радиогийн гүйцэтгэх үүрэг нэмэгдэж байна. Тухайн улсад болсон үйл явдлын талаар тэнд ажиллаж байгаа гадаадын сурвалжлагчаас бус энэ улсыг төлөөлж байгаа хүмүүсээс мэдээлэл авахыг зорьж байна. Тиймгүй бол радио дэлхийг хамарсан ертөнцийг, мөн энэ дэлхийг хамарсан ертөнцөд байгаа улс орныг танин мэдэх аргагүй юм». Үүний зэрэгцээ гадаадын сонсогчидтой харилцаа тогтоож, сэтгүүлч болон сонсогчдын хооронд ойлголцох нь чухал. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Елена Вартаовын байр суурийг хүргэе: «Эхнийх нь сэтгүүлч оролцох ёстой соёлын харилцаа. Энэ нь олон улсын сэтгүүл зүйн шалгуур, мэргэжлийн шаардлага болох ёстой. Үүний зэрэгцээ эсрэг талын өөр байр суурийг зайлшгүй сонсох ёстой. Энэ утгаар сэтгүүлчдийн хооронд соёлын харилцаа нэн чухал юм». Хоёр дахь чиглэл нь сонсогчидтой холбоо тогтооход шинэ технологи ашиглах явдал юм. Блог, хэлэлцүүлэг зэрэг нь соносгчдоос олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүрч байгаа мэдээллийн чухал суваг болно. “Оросын дуу хоолой” радиогийн зохион байгуулж байгаа олон улсын бага хурал нь мэдээлэл дамжуулах мэргэжлийн ерөнхий жишгийг хэлэлцэх таатай талбар билээ. Эдгээрийн нэг нь бодитой байдал. Сонсогчдод хэд хэдэн байр суурийг танилцуулж, мэдээллээс ухамсартайгаар гол агуулгыг сонгож, улмаар дэлхийд болж байгаа үйл явдлын талаар тэр бүрэн дүр зурагтай болох ёстой. “Оросын дуу хоолой” радио сонсогчидтой харилцаа тогтооход энэ шалгуурыг удирдлага болгож байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав