Foto http://gudok.ru“Оросын төмөр зам” компани 2009 оны 4-р сард Монгол Улсын засгийн газраас бүрэн эрх олгосон төрийн нэг байгууллагатай хамтран хамтарсан компани байгуулах тухай “Азийн алхам” материалд өгүүлснийг “Гудок.ру” вэб хуудсанд тавьжээ. Хамтарсан компани “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх, Монголын уул уурхайн компанийн бүтээгдэхүүнийг оросын боомтод хүргэх шугамыг барьж байгуулах, шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцох юм. Төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах, зохион байгуулах эрхийн нөхцлийг боловсруулах орос-монголын ажлын хэсгийн хурлын протоколд энэ тохиролцоог тусгажээ. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин, Монгол Улсын зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Баттулга нар саяхан Улаанбаатар хотноо энэ протоколд гарын үсэг зурав. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин болон Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр нар Астана хотноо уулзахдаа хоёр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай улс төрийн шийдвэр гаргасан юм. Орос-монголын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарах урьтал нөхцөл бүрдлээ хэмээн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Баттулга тэмдэглэсэн юм. Улаанбаатар төмөр замыг шинэчилж, хөгжүүлснээр тус улсын уул уурхайн компанийн өсөн нэмэгдэж байгаа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх боломжтой болж байна. Юуны түрүүнд шугамыг нүүрсний “Таван толгой”, зэсийн “Оюу Толгой” хоёр шинэ орд газар хүртэл тавих хэрэгтэй байна. Хамтарсан компанийн үндсэн капиталын хэмжээг 2009 оны 2-р сард тодорхойлох юм. Монголын талаас санхүүгийн нөөц, орд газрыг боловсруулах эрх зэрэг давуу тал эдэлнэ. Оросын талаас санхүүгийн хөрөнгө оруулах юм. Талууд хамтарсан компанийн хөрөнгийг тус бүр 50 хувиар эзэмшинэ. Татварын үр нөлөөтэй бодлого боловсруулах, орчин үеийн мэдээлэл технологи, инновацийг нэвтрүүлэх, Орос, Монголын төмөр замын мэдээллийн системийг интеграцчилалыг хангах зэрэг чиглэлээр ажиллана. В.Якунин Монгол Улсын засгийн газрын дэд сайд Алтанхуягтай уулзжээ. Замыг тавихад хамтран ажилласнаар улс орны тулгамдсан асуудлыг шуурхай шийдэхэд тустай. Тухайлбал ачаа тээвэрлэлтийг нэмж, замыг шинэчилж, шинэ технологи нэвтрүүлэх боломжтой юм. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ямагт найдвартай түнш байсныг В.Якунин тэмдэглэв. Монголын талын хүссэний дагуу “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг Монгол Улсад 1 мянга хагас вагон, маневрын толгой тэрэг илгээх асуудлыг авч үзэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Улаанбаатар төмөр замын мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудлыг боловсруулж байна. Улаанбаатар төмөр замын удирдах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн их дээд сургуульд монгол залуусыг сургахад оролцох “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол Улсад очихыг үгүйсгэхгүй. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг Хятадаас Европ хүртэл Улаанбаатар төмөр замаар дайран өнгөрч байгаа ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгааг В.Якунин тэмдэглэв. Ази Номхон далайн бүс нутаг болон Европын хооронд бараа эргэлтийн хэмжээ 600 тэрбум долларт хүрсэн юм. Энэ урсгалын нэг хэсэг нь Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна. Стратеги төлөвлөгөөгөөр ийнхүү хамтран ажилласнаар Монгол улс Оросын төмөр замын дэд бүтцийг ашиглаж Алс Дорнодын боомтод холбогдох боломжтой юм. Энэ нь Монгол Улсад төдийгүй Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад шаардлагатай гэж Алтанхуяг тэмдэглэв. Дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах талаар Япон, Өмнөд Солонгос, Герман улс Монгол улсын удирдлагад санал тавиад байгаа юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав