АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама Орос, АНУ-ын харилцааг сэргээх нь чухал гэж үзэж байна. Тэрээр Эн-Би-Си телевизийн компанид өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдав. Их улс төрд тохиолдлын гэх зүйл цөөхөн байдаг. Тиймээс АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгчийн энэ үгийг Орос улсын ерөнхий сайд Владимир Путины хийсэн мэдэгдлийн нэг ёсны хариулт гэж таамаглах бүрэн боломжтой. Орос улсын ерөнхий сайд В.Путин 12-р сарын 4-нд иргэдийн асуултад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд хариулахдаа Москва Вашингтонтой харилцаагаа бодитойгоор сайжруулах сонирхолтой бөгөөд орос улсын ашиг сонирхолыг харгалзсан яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байна гэсэн юм. Хоёр орны харилцааг хэвийн болгох, АНУ-тай харилцан ашигтай, үр бүтээлтэй холбоо тогтооход нааштайгаар нөлөөлөх мэдэгдлийг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нэг бус удаа хэлснийг энд сануульяа. Өнөөгийн байдлаар үүнд шаардлагатай бүх урьтал нөхцөл бүрджээ. Орос улсын сүүлийн жилүүдэд эдийн засгийн салбарт асар их ахиц гаргасныг Бараг Обама тэмдэглээд Москватай үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризмтай тэмцэх, Ираны цөмийн асуудлыг шийдэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Орос, АНУ-ын харилцан ашиг сонирхол үнэн хэрэгтэй нэлээд өргөн билээ. Европ болон дэлхий дахины аюулгүй байдлыг хангаж, энх тайван тогтоох, пуужин-цөмийн зэвсэг, бүс нутгийн хямарлыг зохицуулах, мансууруулах бодис, зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох, өлсгөлөн, өвчин, тахал, байгалийн гамшиг зэрэг бусад асуудал юм. Орос америкийн харилцааны байдлаас олон улсын уур амьсгал ихээхэн хамаарч байгаа нь тодорхой болсон. Орос улсын тэргүүн, Цагаан ордны тэргүүн бие биедээ нэлээд найдвар төрүүлэх дохио илгээж байна. Барак Обамын засаг захиргаа Орос улстай тогтоосон харилцааг шинэ байр сууринаас харж, урьдаас таамаг дэвшүүлэх, америкийн амиа бодсон зангаас ангид байж, уг харилцааг тэгш эрх, ил тод байдал, харилцан ашиг сонирхолыг харгалзсаны үндсэн дээр байгуулна гэсэн найдвар төрүүлж байна. АНУ-ын Конгрессын нөлөө бүхий комисс цөмийн зэвсгийн асуудлаар Орос улстай нэн даруй яриа хэлэлцээ хийхийг уриалсан юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав