Foto www.litinstitut.ruМ.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Энэ ер бусын сургууль байгуулагдсанаас хойш Орос улсад төдийгүй дэлхийд алдар цуу нь түгсэн утга зохиолын 10 мянга орчим мэргэжилтнийг бэлтгэжээ. Утга зохиолын дээд сургуулийг янз бүрийн үед төгссөн хүмүүс Зохиолчдын төв ордонд болсон дээд сургуулийн ойн уулзалтад оролцлоо. Хурлын үеэр дайны дараа төгссөн профессорууд, Оросын зохиолчдын холбооны удирдлагууд, гадаадын зочид үг хэлэв.
Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын дүрс бичлэгээр илгээсэн мэндчилгээ хамгийн их сэтгэгдэл төрүүлэв. Тэрээр хэлэхдээ: «Би энэ боломжийг ашиглаад камераар дамжуулан та бүхэнд Утга зохиолын дээд сургуулийн 75 жилийн ойн халуун мэндчилгээ дэвшүүлье. Энэ сайхан сургуульд 1975-1980 онд суралцах ховор завшаан над тохиосон юм. Энэ он жилийг зогсонги үе хэмээн нэрлэж байсан ч, Утга зохиолын дээд сургуулийн оюутан бидний хувьд оюуны хөдөлмөрийн идэвхтэй он жилүүд, оросын сонгодог зохиолын оргилд харилцаж байсан үе юм. Нөгөө талаас бид өөрсдөө бүтээл туурвиж, Тарковский, Бунюэль, италийн мастеруудын бүтээсэн кино үздэг байсан. Дэлхийн шилдэг бүтээлтэй өөрсдийн хүч, авьяасаа харьцуулахыг хичээж байсан оюун санааны эрэл хайгуулын он жилүүд байлаа. Бид өөрсдийн улс орон, соёлд номлогчид болсон. Утга зохиолын дээд сургууль бидэнд цаашид амьдралынхаа жимээр хөдлөхөд том түлхэц болсон. Би Монголдоо очоод өөрийн орны соёлд монгол мөн чанар, монголын нийгэм, соёлд өөрийгөө эрж хайхыг чармайсан. Энэ эрэл хайгуул намайг ерөнхийлөгчийн сэнтийд залруулж, ард түмэн намайг дэмжсэнд би их баяртай байдаг. Энэ албан тушаалд өндөр хариуцлага үүрч байна гэж Н.Энхбаяр дүрс бичлэгийн мэндчилгээндээ өгүүлсэн юм. Утга зохиолын дээд сургууль төгсөгчид соёл, уран зохиол, хэл, оюуны эрэл хайгуул гээчийг мэднэ. Тэд оюун санааны мухардалд орох ямар хүнд байдаг, эргэлт гарахад ямар их аз жаргалтай байдаг, өөрөө шинэ хязгаарт гархыг мэднэ. Утга зохиолын дээд сургууль ёс суртахууны амьдралд хамгийн өндөр түвшинг тогтоож, үүнийг ямагт барьсаар ирсэн бөгөөд цаашид ч ийм байна гэж би найдаж байна. Энэ түвшинд нийцэх нь ямагт хүнд, их сонирхолтой байсан. Энэ боломжийг ашиглаад багш, хамт сургууль төгсөгч, одоогийн оюутнуудад Утга зохиолын дээд сургуулийн 75 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль зөвхөн мэдлэг олгох төдийгөөр хязгаарлагдахгүй. Энэ сургуульд өөрийгөө танин мэдэж эхэлдэг. Энэ амаргүй ч, хүний хамгийн сонирхолтой зам гэж би бодож байна гэж Монгол Улсын ерөнхийлөгч тэмдэглэв.
     Утга зохиолын дээд сургуулийн монголын утга зохиолд оруулсан хувь нэмэрийн талаар ОХУ-д суугаа Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л. Хангай хэлэхдээ: «Утга зохиолын дээд сургууль монголын зохиолчдын уран бүтээлийн өсөлт, орчин үеийн монголын уран зохиолын бүх хөгжилд нэлээд таатай нөлөөлсөн. Энэ сургууль зөвхөн дэлхий дахинаа нэрд гарсан зөвлөлт, оросын зохиолчдын нэр алдартай холбоотой биш юм. Утга зохиолын дээд сургуульд Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Д.Мягмар, Д.Урианхай, Д.Батбаяр, О.Дашбалбар зэрэг монголын гарамгай зохиолчид суралцаж байсан. Утга зохиолын дээд сургууль 1980 он болон 1990-ээд онд монголын орчуулагчдыг хоёр ч удаа бэлтгэсэн юм. Утга зохиолын дээд сургууль оюуны хөгжилд ямар их мэдлэг, хүч зориг оруулдагийг Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаярын бүтээл, улс төрийн тавцанд гарсан амжилт баталж байна. Утга зохиолын дээд сургууль хувь хүнийг бэлтгэдэг болохыг дахин баталж байна. Утга зохиолын дээд сургууль төгсөгчдийн өмнөөс халуун мэнд дэвшүүлж, тэдний сэтгэл зүрхийг мэдлэг, гэргэл гэгээ, сайн сайхнаар дүүргэсэнд дахин талархая.
    Ойн хурлын үеэр М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсгөгчдийн олон улсын холбоо байгуулагдсаныг зарлаж, энэ ер бусын сургуулийг төгссөн зохиолч, соёлын зүтгэлтнүүдийн дурсамж бүхий 3 боть номыг танилцууллаа. Хурлын төгсгөлд шинэ дуурийн жүжигчид Утга зохиолын дээд сургуулийн төгсөгчдийн шүлгэнд ая оруулсан олны дуртай дууг дуулсан юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав