Юуны түрүүнд тоот нэвтрүүлгийг улс орны очиход төвөгтэй хэсэгт хүргэнэ. Орос улсын телевиз, радиог тоот хэлбэрт шилжүүлэх ажлыг хариуцсан Засгийн газрын дэд сайд Сергей Собянин зөвлөлгөөний үеэр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт ийнхүү хэлэв. Олон нийтийн харилцаа холбооны яамны мэдэгдсэнээр Орос улсын өрхийн 10 хувь нь кабелийн сүлжээ, хиймэл дагуулаар тоот нэвтрүүлгийг хүлээн авах боломжтой юм. Радио, телевизийн хөгжлийн үзэл баримтлалын дагуу 2015 онд тоот нэвтрүүлгийг орон даяар дамжуулж эхэлнэ. Энэ чухал хүнд үйл явцад оросын иргэд телевизийн тоот нэвтрүүлгийг хүлээж авах шинэ телевиз, тусгай приставк худалдаж авахад мөнгө зарцуулах эсвэл огт телевизгүй үлдэх гэсэн сонголт хийх нөхцөл үүсгэж болохгүй. Хүн амын олонх нь тоот телевизтэй болох хүртэл аналог нэвтрүүлгийг дамжуулна гэсэн гол дүгнэлт үзэл баримтлалаас урган гарч байна гэж оросын засгийн газрын дэд сайд Сергей Собянин тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Хүн амын ашиг сонирхолыг огт хөндөхгүй байх хөтөлбөрийг бид санал болгож байна. Аналог нэвтрүүлгийг үлдээгээд тоот технолгийг нэвтрүүлнэ. Эхний шатанд энэ хөтөлбөрийг Алс Дорнод зэрэг алслагдсан нутагт хэрэгжүүлнэ» гэлээ. Орос улсад тоот телевизийг Европын Холбоонд багтдаг улс орнууд зайлшгүй хэрэглэж байгаа Ди-Ви-Би-Ти стандартын баазад суурилан нэвтрүүлнэ. Орос улс өргөн уудам нутагтай улс. Тиймээс эфирийн, кабелийн, Ай-Пи-Ти-Ви болон хиймэл дагуулын зэрэг бүх төрлийн тоот нэвтрүүлэг байхаар үзэл баримтлалд тусгасан. “Эхний шатанд Орос улсад нэвтрүүлгийн найдвартай байдлыг хангах хоёр хиймэл дагуулыг нэмж хөөргөхөөр төлөвлөж байна” гэж Засгийн газрын дэд сайд тэмдэглэв. Орос улс “тоот” нэвтрүүлэгт шилжих нь бараг үндэсний төсөл юм. Энэ нь технологийн төдийгүй нийгмийн асуудал юм. Тоот телевизийг нэвтрүүлснээр мэдээллийн тэнцвэргүй байдлыг шийдэнэ. Томоохон хотуудад өнөө үед 23 сувгийг чөлөөтэй хүлээн авах боломжтой бол зарим хөдөө тосгонд ердөө 1-2 сувгийг хүлээн авч байна. Ой тайгын алслагдсан нутагт оршин суугаа оросын сая 500 мянган хүн телевизор үзэж чадахгүй байна. Орос улс “тоот” системд шилжиснээр өрх бүр дор хаяж телевизийн 8 суваг хүлээн авч, 4 радио станц сонсох боломжтой болно. Энэ бол бүгдэд хүртээмжтэй нийгмийн багц төлөвлөгөө юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав