Орос улс дэлхийн санхүүгийн хямарлыг хамгийн бага зардлаар, эдийн засагтаа хор хохирол учруулалгүй даван туулахад урьтал бүх нөхцөл бүрдсэн. Засгийн газрын тэргүүн В.Путин ард иргэдийн асуултанд телевиз, радио, интернетээр шууд хариулахдаа ийнхүү мэдэгдэв. В.Путин ард иргэдийн асуултанд долоо дахь удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийнхүү шууд хариулж байна. Харин энэ удаа тэрээр парламентад олонхийн суудалтай “Нэгдсэн Орос улс” намын удирдагч, ерөнхий сайдын хувиар шууд ярилцлагад оролцов. Тиймээс оросын иргэдийн сэтгэлийг түгшээсэн ихэнх асуултыг тус намын олон нийттэй харилцан албанд хүлээн авч түүнд дамжуулжээ. Дэлхийн санхүүгийн хямарлын эдийн засаг, нийгмийн салбарт илрэх үр дагаварын талаарх асуулт зонхилж байв. В.Путин өнөөгийн гадаад эдийн засгийн байдлыг тодорхойлохдоо: «Дэлхийн санхүүгийн хямарлын үр дагавар манай эдийн засагт илэрч байна. Үүнийг хэн ч батлах шаардлагагүй. АНУ-ын санхүү, эдийн засгийн бодлогын үр дүнд тус улсад санхүүгийн хямарал эхэлсэн. Дэлхийн тэргүүлэх бараг бүх оронд хямарал илэрч байна. Мэдээж хэрэг хямарал биднийг тойрч гарсангүй. Гэхдээ 2008 онны үр дүнгийн тухай яривал дэлхийн санхүүгийн хямарлын сөрөг үр дагаврыг үл харгалзан Орос улсын эдийн засаг бүхэлдээ сайн байна. Эдийн засгийн өсөлт 7 хувиас илүү байна гэж бид таамагласан. Харин бодит амьдрал дээр бараг 7 хувьтай байна. Энэ бол сайн үзүүлэлт хэмээн ерөнхий сайд тэмдэглэв. Аж үйлдвэрлэл нэмэгдсэн. Хөдөө аж ахуйн тухайд өмнөх жилүүдтэй харьцуулбал энэ жил дээд амжилт тогтоосон үзүүлэлттэй байна. Инфляцийн өсөлттэй холбоотой бэрхшээл бий. Энэ нь дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотой. Төв банк, Сангийн яам эдийн засагт их хэмжээний мөнгө оруулснаас инфлцийг хөөрөгдлөө. Дэлхийн санхүүгийн хямарлыг үл харгалзан бүхэлдээ сайн үр дүнтэй байгааг дахин давтан хэлэе» гэлээ.
   Орос улсын төр засаг хямарлыг үл харгалзан нийгмийн бүх үүргээ биелүүлэх бодолтой байна гэж ерөнхий сайд мэдэгдэв. Тэр хэлэхдээ: «Үндсэндээ бид ямар нэг төлөвлөгөөг эргэн харах бодолгүй байна. Энэ нь манай томоохон компанийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, мөн орон сууц, хүн амын эмнэлгийн үйлчилгээг шинэчлэх төлөвлөгөөнд хамаатай. Үүнээс гадна боловсрол, тэтгэврийн системийг шинэчлэх төлөвлөгөөнд мөн хамаатай. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэхтэй холбоотой нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөснөө бид биелүүлнэ. Хямарал нүүрлээд байгаа зарим оронд хүн амын хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээг бууруулахаар төлөвлөсөн байна. Нийгмийн салбарт бид үүнийг хийхгүй. Эсрэгээр бид төлөвлөгөөгөө биелүүлэх бодолтой байна».
    Дэлхийн санхүүгийн хямарлын улмаас хэд хэдэн байгууллага үүдээ хаасантай холбогдуулан ерөнхий сайдад ажлын байрыг хөндсөн асуулт их тавьж байв. Төр засаг энэ салбарын байдлыг хэвийн болгох цогц арга хэмжээ авч байгаа тухай В.Путин хэлсэн юм. Тухайлбал ажилгүйдлийн тэтгэмж нэлээд нэмэгдэж байгаа. Ажилгүй болсон хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, мөн энэ иргэдэд өөр мэргэжил эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх, дотоодоо шилжин суурьших боломжийг дээшлүүлэх тусгай сан байгуулахыг ерөнхий сайд санал болгов. Энэ хүмүүсийг юуны түрүүнд дэд бүтцийг хөгжүүлэхтэй холбоотой олон нийтийн ажилд татан оролцуулахыг орон нутгийн засаг захиргаанд санал болгов. Мэдээж хэрэг В.Путины үзэж байгаагаар боломжтой бол ажлын байрыг хадгалахтай холбоотой цогц арга хэмжээг богино хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй аж. Орос улс өнөөгийн байдлаар хүнд нөхцөлд байгаа ч бага зардлаар үүнийг даван туулах хэрэгтэй гэж ерөнхий сайд дахин тэмдэглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав