Орос улс үр тариагаар хомсдохгүй. Сүүлийн жилүүдийн үзүүлэлтээс илүү их үр тариа хураасан тул экспортын боломж нэмэгдэж байна. Энэ тохиолдолд Орос улсын засгийн газар зөвлөлтийн үеээс хойшх түүхэнд анх удаа хомсдол бус илүүдэл үр тариаг хэрхэх асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн жилийн эхэнд буюу 7-р сарын 1-ээс Орос улс 10 сая гаруй тонн үр тариа экспортолсон юм. Энэ хэмжээ өнгөрсөн жилийн үзүүлэлтийг давж байна. Оросын үр тариаг Монгол, Египет, Иордани, Саудын Арави, Тунис, Алжир, Израиль, Испани, Грек, Итали зэрэг дэлхийн 60 гаруй орон худалдан авч байгаа гэж Орос улсын Хөдөө аж ахуйн сайд Алексей Гордеев хэллээ. Өнгөрсөн жилээс Японд үр тариа экспортолж, газар зүйн хувьд тэлж байна. Ойрын үед Орос улс Бразилд үр тариа экспортолж, ирээдүйтэй зах зээлийг нээнэ. Саяхан энэ талаар зохих тохиролцоонд хүрсэн юм. Санхүү эдийн засгийн хямарлын өнөөгийн нөхцөлд Орос улсын засгийн газар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд үр тариалалт ашигтай байх талаас анхаарч байна. Дэлхийн зах зээлд үнэ буурч байгаа тохиолдолд ч ашигтай байх талаас нь анхаарна. Энд амаргүй нөхцөл байдал үүсээд байна гэж Оросын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Зах зээл үнийг тодорхойлно. Үнийг зохиомлоор бууруулж, гадаад, дотоодын зах зээлд борлуулж байгаа нь бидэнд таалагдахгүй байна. Тариаланчдад хаана худалдах нь үнэн хэрэгтээ хамаагүй. Хамгийн гол нь гадаад, дотоодын зах зээлд өндөр үнээр борлуулах нь чухал. Манай зах зээлд үр тариа илүүдэж үнэ буурахад нөлөөлж байна. Тиймээс илүү үр тариаг борлуулж, үнэ буурахаас сэргийлэх дурын арга хэмжээ авах шаардлагатай байна». Аркадий Злочевскийн үзэж байгаагаар дэлхийн зах зээлийн дараагаар дотоодын зах зээлийн үнийг бууруулах шаардлагатай тул дэлхийн зах зээлд нягт интеграцчлагдсан Орос улсын хувьд дэлхийн зах зээлд үр тарианы үнэ буурах нь тийм ч ашигтай биш юм. Энэ тохиолдолд төрөөс худалдан авах интервенц хийж үр тариа үйлдвэрлэгчдийг дэмжиж байна. Ийм интервенц хийхэд бирж дээр 2 сая орчим тонн үр тарианы гэрээ хийсэн юм. Хөдөө аж ахуйн яам өдөр бүр Интервенцийн санд 500 мянга орчим тонн үр тариа худалдан авах зорилт тавьжээ. Үр тарианы холбооны мэдээлснээр сүүлчийн долоо хоногт 150 орчим хөдөө аж ахуйн шинэ үйлдвэрлэгчдэд зээл олгосон Поволжьед худалдаа эрчимтэй өрнөж байна. Санхүү эдийн засгийн хямарлын үед үр тариаг экспортлох, дотоодын зах зээлд үр тариаг худалдан авах интервенц хийх зэргээр төрөөс дотоодын тариаланчдыг дэмжиж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав