АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Барак Обама засаг захиргааныхаа чухал албан тушаалын томилгоог хийж эхлэв. Хиллари Клинтон олон нийтийн анхаарлыг их татаж байна. Нью-Йорк муж улсаас сонгогдсон сенатч, Ардачилсан нам дотроо Барак Обаматай өрсөлдөж байсан тэрбээр Төрийн нарийн бичгийн дарга болно. Пентагоны өнөөгийн тэргүүн Роберт Гейтс Батлан хамгаалахын сайд болно. Өнөөгийн байдлаар бүгд найрамдах намын гишүүдээс албан тушаалдаа үлдсэн цорын ганц хүн юм. Европ дахь НАТО-ийн Нэгдсэн хүчний ерөнхий командлагч байсан, чөлөөнд гарсан генерал Жеймс Жонс үндэсний аюулгүй байдлын асуудлаарх туслах болно. Обамын багт Хиллари Клинтон гарцаагүй багтах байсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр ийм баталгаа гаргаж өгсөн бололтой. Хиллари Клинтон болон түүний дэмжигчид сонгуулийн кампанит ажлын төгсгөлийн шатанд Барак Обамаг дэмжиж байснаар үүнийг тайлбарлаж болох юм. Хиллари Клинтоныг Ардчилсан намынхан өргөн хүрээнд дэмжиж байгааг мартах ёсгүй. Роберт Гейтсийн тухайд өөр хүчин зүйл нөлөөлсөн. Улс орон Ирак, Афганистанд байлдааны ажиллагаа явуулж байгаа нөхцөлд цэргийн газрын тэргүүнийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байна. Обама чухал томилгоог ийнхүү зарласнаар 16 сард Иракаас цэргээ гаргах санаагаа батлав. Ерөнхийдөө АНУ-ын шинэ засаг захиргааг бүрдүүлэхэд Обамад нэлээд хүнд байгаа хэмээн АНУ, Канадын хүрээлэнгийн захирал Павел Золотарев үзэж байна. «Засаг захиргааны бүтэц, АНУ-ын ирээдүйн бодлогыг ерөнхийлөгч бус төрийн эрхэнд гарсан хүчин тодорхойлдог болох нь өнөөдрийн энэхүү томилгооноос харагдаж байна. Шинэ ерөнхийлөгчийг сонгохтой зэрэгцэн яригдаж байсан хэт хүлээлт нь онцгой үндэслэлгүй юм» гэж П.Золотарев хэллээ. Гол сайд нарыг тодорхойлсноор АНУ-ын ирээдүйн бодлого тодорхой дүр төрхтэй болж байна гэж хэлэх байна. Үүнд эрс өөрчлөлт орохгүй гэдэгт олонх шинжээчид санал нэг байна. Хиллари Клинтон, Роберт Гейтс нар хатуу чиг шугам баримталдаг хүмүүс юм. Орос улсын удирдлага ерөнхий хэд хэдэн асуудлыг шийдэхэд америкийн шинэ засаг захиргаатай урьдынхаас ялгаагүй ажиллахад хүнд байна гэж “Шинэ Еврази” сангийн ерөнхийлөгч Андрей Кортунов үзэж байна. АНУ-ын дэлхийд эзэлж байгаа байр суурь жилийн өмнөх шиг биш болохыг анхаарах хэрэгтэй. Хиллари Клинтон дэлхийн бусад асуудлыг шийдэхэд бусад оронтой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Дэлхийн бусад оронтой хамтран ажиллахгүйгээр Америк хямарлыг даван туулахгүй гэж тэр үзэж байна. Дэлхийн ертөнц мөн Америкгүй энэ хямарлыг зохицуулах боломжгүй юм.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав