Буриадын бүгд найрамдах улсын нэрд гарсан агрономичиийн нэг, хөдөө аж ахуйн ухааны доктор, Орос улсын гавьяат агрономич Анатолий Кушнаревын үзэж байгаагаар Буриадын засгийн газрын бодлогын тэргүүн зэргийн чиглэл хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилт байх ёстой аж. Системгүй нэг амаар мөнгө зарах бус хэдэн тэрбум рубль зарцуулж байж гэмээн жинтэй үр дүнд хүрэх тул хөдөө аж ахуйг сэргээхэд төсвөөс гар таталгүй хөрөнгө зарах хэрэгтэй юм. Та бүхэнд “Номер один” интернет вэб хуудсанд нийтэлсэн Анатолий Кушнаревтай хийсэн ярилцлагыг та бүхний анхааралд хүргэе.
Асуулт: Буриадын хөдөө аж ахуй эрт дээрээс хямарсан тул цэцэглэж байсан тэр үеийг бүдэг бадаг санаж байна. Ээдрээтэй баахан асуудал дагуулдаг хөдөө аж ахуй бидэнд ямар хэрэгтэй юм бэ?
А.Кушнарев:«Нэгдүгээрт хүн гарцаагүй хоол идэж ууна, хүнсний бүтээгдэхүүн зэрэг гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд зарж буй мөнгө бусад орны тухайлбал Хятадын үйлдвэрлэгчдийн халаасанд орж байгаа хэрэг юм. Хоёрдугаарт хямарлын өнөөгийн нөхцөлд бид бусдад найдах хэрэг гарах тул хүнсээр өөрсдийгөө хангах нь нэн чухал зорилт юм».
Асуулт: Одоо юу хийх хэрэгтэй вэ?
А.Кушнарев: «Бид өөрсдийн нөөцөө зохисгүй ашиглаж байна. Тухайлбал Буриад улс үр тарианы бүс биш юм. Зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай салбар гэж байдаг энэ бол тэжээлийн үйлдвэрлэл юм. Манай нутагт гайхалтай сайхан ногоо ургах боломжтой. Үүний оронд бид дундад Ази, Хятадаас хэдэн зуун мянган тонн сонгино оруулж ирж байна. Бид өөрсдөө үүнийг тариалж, хөрш Монголыг ч хангах боломжтой. Бид Алтайн нутагт ургадагаас дутахгүй сагадай тариалах боломжтой. Гэсэн ч үүнийг тариалахгүй байна. 100 жилийн өмнөх түүхийг эргэн санавал Буриад нэг хүнд ногдох бод малын тоогоор тэргүүлж байсан. Юу өөрчлөгдсөн бэ? Одоо тус бүгд найрамдах улсад өмнөд Америкээс хүртэл үхрийн мах зөөж байна. Бид өнөөгийн технологи, санхүүгийн боломжийн хүрээнд мал аж ахуйг хөгжүүлж ядаж өөрсдийгөө махаар хангаж чадахгүй гэж үү? 100 жилийн тэртээ бид эрсдэлтэй газар тариалан эрхэлж байсан. Ургац сайтай, ургац авахгүй байх жил байсан ч, бид ямагт тэргүүлж байсан.
Асуулт: Таны бодож байгаагаар хөрөнгө оруулалтын ямар хэмжээ байдлыг тэрчигт нь өөрчлөх вэ?
А.Кушнарев: «Урьдчилсан тооцоогоор жилд тэрбум рубль шаардлагатай. Орчин үеийн тоног төхөөрөмж өндөр өртөгтэй, гэхдээ дараа нь ашиг олохын тулд үүнд их хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Бага хэмжээний хөрөнгө зориулбал алдагдал хүлээх буюу үр дүнг удаан хүлээх хэрэг гарна. Манай хөрш монголчууд бүр тариа тариалахыг бидэнд зааж сургана гэж хэн бодох билээ? Цаг уурын тийм хүнд нөхцөлд монголчууд сайн ургац авсаар л байна. Мал аж ахуйн орон өөрсдийгөө үр тариагаар хангах зорилт тавьсан. Үүнд их хэмжээний хөрөнгө мөнгө зарсны ачаар үүнийг гүйцэлдүүлж байна. Одоо бид Монголд хандаж, туршлага судалж байна. Манай засаг захиргаа хөдөө тосгонд нэг удаа хөрөнгө мөнгө зарцуулах зэргээр үргүй зардал гаргаж байна. Тухайлбал мал аж ахуйн эрчимжүүлсэн хөгжлийн хөтөлбөрийг батлаад, бүрэн хэмжээнд санхүүжүүлнэ гэж амлаад, ердөө 25 хувийг өгдөг. Ийм нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ?»
Асуулт: Ийм тохиолдолд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
А.Кушнарев: «Нутгийн төрөлжилтийг сайтар мөрдөх хэрэгтэй. Хэд хэдэн дүүргийг нэгтгэх хөдөө аж ахуйн холдинг байгуулах шаардлагатай. Тухайлбал Жидинск, Закаменск, Сэлэнгийн нутагт бэлчээр газар их тул махны чиглэлийн мал аж ахуй хөгжүүлэхэд ирээдүйтэй. Энэ чиглэлийг Тавагтын нутагт хөгжүүлэх нь зохисгүй. Гэхдээ Тарвагтай, Мухаршибирь, Бичуру зэрэг нутгийг өөр чиглэлийн холдингт нэгтгэх боломжтой. Энд үр тариа, төмс, ногоо, шийгуай хүртэл ургуулах бололцоотой. Эрхүү мужийн жишээг татаж болохоор байна. “Белоречье” компанийн эргэн тойронд тус мужийн хөдөө аж ахуйн дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг гаруй хувийг бүрдүүлж байгаа холдинг байгуулагдсан юм. Хөдөө тосгоныг хямарлаас гаргах цогц хөтөлбөр шаардлагатай. Үүнд нийгмийн асуудлыг харгалзах нь чухал. Үүнтэй төстэй холдинг байгуулах хэрэгтэй юм. Ажилтнуудыг татах хэрэгтэй. Дэд бүтэц хөгжөөгүй тохиолдолд залуу мэргэжилтнүүд хөдөө явж ажиллахгүй шүү дээ. Буриадад тариачин байна гэдэг нэр хүндтэй ажил биш байна. Учир нь зохих хэмжээнд амьдрах аргагүй. Зохих хэмжээний цалин алга, клуб, хүүхдийн цэцэрлэг, сургууль хаагдаж байна. Ийм тосгонд хэн очиж ажиллах билээ? Хөдөөгийн хүн ам хотод шилжин суурьших үзэгдэл Буриадад ажиглагдаж байна. Хотын хүн ам хөдөө орон нутгаас шилжин суурьшсан механикаар нэмэгдэж байна. Цогц зорилтыг шийдэхийн тулд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр шаардлагатай».

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав