Ерөнхийлөгчийн дэргэдэх санхүүгийн зах зээлийн асуудал хариуцсан зөвлөл Эдийн засгийн хөгжлийн яамны боловсруулсан Орос улсад олон улсын санхүүгийн төв байгуулах тухай үзэл баримтлалыг сайшаав. Энэ шинэ төвийг байгуулах багц хуулийг оны төгсгөлд батална. Олон улсын санхүүгийн төвийн асуудлыг өчигдөр хөндсөн юм биш ээ. Хөрөнгө оруулагчид өөрсдийн санхүүгийн капиталтайгаа ирэх ийм талбар байгуулах санааг оросын ажил хэргийн хүрээнийхэн эртнээс хэлэлцэж байгаа юм. Энэ цогц зорилт учраас хууль тогтоох түвшинд их ажил хийх шаардлагатай. Дэд бүтцийн тухайд Москвагийн банк хоорондын бирж зэрэг одоо байгаа төвүүдэд суурилсан ийм төв байгуулах боломжтой. Олон улсын санхүүгийн төв үр нөлөөтэй ажиллахад рубль олон улсын санхүүгийн ажиллагаанд жинтэй байр суурь эзлэх ёстой. Рублийг дэлхийн нөөцийн валют болгох талаар хараахан яриагүй ч, ТУХН-ийн улсуудын хооронд төлбөр тооцоо хийхэд рублийг ашиглаж, бүс нутгийн валют хэдийн болсон юм. Белорус л гэхэд хийн төлбөрөө оросын валютаар хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хятад, Энэтхэг, ТУХН-ийн бусад улстай рублээр төлбөр тооцоо хийх боломжийг хэлэлцэж байна. Төв банкны тэргүүн асан, оросын нэрд гарсан санхүүч Виктор Геращенко ярьж байна: «Рублээр хийх худалдааг хөгжүүлбэл аажимдаа рублийг нөөцийн валют эсвэл төлбөр тооцоонд ашиглах валют болгох талаар ярьж болно. Тэртээ тэргүй манайхаас эрчим хүчний бараа худалдан авдаг зүүн Европын орнуудтай мөн рублээр төлбөр тооцоо хийж болно». Нэг удаагийн гэрээ, санхүүгийн худалдаанд рублийг ашиглаж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны тооцоогоор 2010-2012 онд орос улсын санхүүгийн төв дэлхийн бусад санхүүгийн төвүүдтэй харьцуулахад өрсөлдөх чадвартай, евроазийн орон зайд санхүүгийн тэргүүлэх төвийн нэг болох ёстой юм. Орос улс 2012 онд биржийн худалдааны эргэлт, үнэт цаас, эрхийн бичиг байрлуулсан хэмжээгээр дэлхийд 10-р байрт орох ёстой. ТУХН-ийн улсууд юуны түрүүнд Казахстан, Украин улс оросын биржид анх удаа үнэт цаасаа байрлуулна. Ийм байдлаар дэлхийн санхүүгийн төв хэтдээ ТУХН-ийн улсууд төдийгүй зүүн Европт, мөн евразийн орон зайд институтын үүрэг гүйцэтгэнэ. Доллар цаашдаа дэлхийн хамгийн хүчтэй нөөцийн валют хэвээр байсан ч, рубль зэрэг бусад валют бүс нутгийн нөөцийн валют болон хувирснаар дэлхийн санхүүгийн системийн тогтвортой байдлыг дээшлүүлнэ. Дэлхийд санхүүгийн шинэ бүтэц цогцлуулах санаанд бүрэн нийцэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав