Манай тусгай сурвалжлагч Елена Студнева Оросын ерөнхийлөгчийн гадаадад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан юм. Эртний Лима хот Д.Медведев тэргүүтэй төлөөлөгчдийг хүндэтгэлтэй хүлээж авлаа. Лимад Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт дууссаны дараа Д.Медведев Перуд айлчлав. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хэд хэдэн чухал алхам хийсэн тухай Орос улсын ерөнхийлөгч Перугийн ерөнхийлөгч Алан Гарситай яриа хэлэлцээ хийсний дараа мэдэгдэв. Эдийн засаг, санхүүгийн салбарт Орос, Перугийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан байна. Одоо хэдэн зуун сая бус хэдэн тэрбум долларын бараа эргэлтийн тухай ярьж болохоор байна. Орос улс Перутай нефть хий, цэрэг-техникийн салбарт, мөн сансар судлалаар хамтран ажиллах сонирхолтой байгааг батлав. Орос, Перугийн байр суурь олон улсын олон асуудлаар давхцаж байна. Москва, Лима олон улсын эрхэд тулгуурлах олон туйлт ертөнц байгуулахын төлөө байна. Энх тайван, стратегийн тогтвортой байдлыг хадгалах цогц механизмын хувьд НҮБ-ын нэр хүндийг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт итгэлтэй байна. Орос улсын ерөнхийлөгч Перуд хийсэн айлчлалын төгсгөлд хийсэн хамтарсан мэдэгдэлд талууд энэ байр сууриа бэхжүүлсэн билээ.


    Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Бразильд очсон юм.Д.Медведевийн Бразильд хийсэн айлчлалын хөтөлбөр эдийн засгийн багц асуудлаас эхэлсэн. Эрчим хүч, машин үйлдвэрлэлийн салбарт орос-бразилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн тухай ярьж байна. Орос улсын удирдагч Бразилийн эрчим хүчний тэргүүлэх компани “Петробраз” компаний төв байранд ажлын анхны уулзалт хийлээ. Оросын “Газпром”, мөн “Петробраз” компанийн ойрын болон урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэрээний төсөл сэтгэгдэл төрүүлж байна. Энэ төсөлд Бразилийн хийн салбарыг хөгжүүлэх стратегийн үзэл баримтлал, 2030 он хүртэл газар дор хий хадгалах систем байгуулах талаар тусгажээ. Орос, Бразил улсад сансар, нисэх онгоц, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, атомын эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий. 

Д.Медведев Венесуэлд нэлээд үр ашигтай яриа хэлэлцээ хийлээ. Тэрээр энэ айлчлалыг үнэлэхдээ: «Манай яриа хэлэлцээг би өндөр үнэлж байна. Хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал шинээр түлхэц болно гэж би найдаж байна. Өнгөрсөн оны дүнгээр Венесуэл манай латин Америкийн гол түншийн нэг байсан. Хөгжлийн хурд өндөр байгаад бид баяртай байна. Манай хоёр орны бараа эргэлт тэрбум доллароос давсан байгаа. Энэ оны төгсгөлд дээрх тоо улам нэмэгдэнэ гэж би найдаж байна хэмээн орос улсын төрийн тэргүүн хэлэв. Орос, Венесуэлийн хамтын ажиллагааны шинэ чиглэлд атомын эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах, ураны орд газрыг эрж хайж, боловсруулахад хамтран оролцох зэрэг нь гарцаагүй багтана. Орос, Венесуэл улс атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа нь дэлхийд сэтгэл түгшээх ёсгүй гэж “Росатомын” тэргүүн Сергей Кириенко үүнтэй холбогдуулан тэмдэглэсэн юм. Венесеуэл МАГАТЭ-ийн гишүүн байсан түүхэндээ ийм асуудал хэзээ ч гаргаж байгаагүй юм. 
   

    Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Кубад айлчилж латин америкийн орнуудаар хийх айлчлалаа өндөрлөв. Ерөнхийлөгч Д.Медведев болон Кубын Төрийн Сайд нарын Зөвлөлийн дарга Рауль Катротой уулзахдаа орос-кубын хамтын ажиллагааг худалдаа эдийн засаг, эрдэм-шинжилгээ техник, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлэх, янз бүрийн чиглэлээр харилцан ашигтай томоохон төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Д.Медведев кубын хувьсгалт тэмцлийн удирдагч Фидель Кастротой уулзаснаар тус улсад хийх айлчлалаа өндөрлөсөн юм. Цаг гаруй үргэлжилсэн уулзалт халуун дотно уур амьсгалтай болж өнгөрөв. Кубыг хагас зуун жил буюу 1959-2008 он хүртэл удирдсан домогт Фидель Кастрогийн сүүлийн хэдэн жил хүлээн авч уулзсан олон улсын 5 дахь нэр нөлөө бүхий зүтгэлтэн Орос улсын төрийн тэргүүн байв. Фидель Кастро эрүүл мэндийн шалтгаанаар Эрх чөлөөний арлыг удирдах эрхийг дуу Рауль Кастрод шилжүүлсэн билээ.

 

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав