Foto http://www.faito.ruА.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль хэд хоногийн дараа 75 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Зохиолчдыг бэлтгэдэг тус дээд сургууль ямар ололт амжилтаар ойг угтах гэж байгаа талаар тус дээд сургуулийн ректор Борис Тарасовын ярилцлагыг “Независисмая газета” сонины вэб хуудаст байрлуулжээ. Монгол улсын соёлын бахархал болсон олон зохиолч тус дээд сургууль, утга зохиолын дээд курсыг янз бүрийн он жилүүдэд төгссөнийг эрхэм сонсогчиддоо сануулъяа.
Асуулт: Борис Николаевич, 75 жилийн тэртээ Утга зохиолын дээд сургууль пролетари уран зохиолын зохиолчдыг бэлтгэдэг дарханы газрын хувиар байгуулагдсан. Одоо тус дээд сургууль ямар чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэж байна вэ?
Б.Тарасов: Тийм ээ, Утга зохиолын дээд сургуулийг дарханы газрын хувиар байгуулсан. Гэхдээ уран бүтээлийн уур амьсгал ийм өчүүхэн хүрээнд хязгаарлагдаж байгаагүй. Дайны дараа болон өмнөх жилүүдэд энд Всеволод Иванов, Леонид Леонов, Константин Федин, Константин Симонов, Михаил Светлов, Сергей Михалков, Юрий Бондарев, Виктор Розов, Юрий Трифонов болон дэлхий дахинаа нэрд гарсан зохиолчид сурч байсан. Ахуйн тогтворгүй байдал, үзэл суртлын захиргаадлыг үл харгалзан Герцений өргөөнд багш шавь нарын хооронд мэргэжлийн болон хувийн онцгой харилцаа тогтож байсан. Энэ талаар “А.М.Горькийн нэрэмжит Утга зохилын дээд сургуулийн төгсөгчдийн дурсамж” номноос уншиж болно. Манай сургуулийн төгсөгч Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр оюутнуудтай саяхан уулзахдаа манай сургуулийн оюун санаа, мэргэжил, хүний утга учрын талаар халуун дотно дурсаж хэлсэн. Одоо үгийн өнөөгийн урлагийг бэхжүүлж, хадгалах, мөн орос болон дэлхийн тэр дундаа сургуулийнхаа уран зохиолын шилдэг уламжлалыг хөгжүүлэх зорилт тавиад байна. Үүний тулд яруу найраг, үргэлжилсэн зохиол, жүжгийн зохиол, шүүмжлэл, хэвлэн нийтлэгч, хүүхдийн уран зохиолын семинар зохион явуулж, дээд сургуулийн хэлбэрийн хүмүүнлэгийн дорвитой боловсрол олгох зэрэг үйл ажиллагаа явуулж байна. Орос хэл эзэмшсэн байх нь зохиолч хүний хөдөлмөрийн гол хэсэг. Гэтэл дунд сургуульд орос хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгаж, орос хэл заах түвшин буурсан, энэ хичээлийг Улсын нэгдсэн шалгалтад оруулах нь суларч байгаа зэрэг нь хамгийн авьяастай дунд сургууль төгсөгчийн орос хэлний мэдгэлийн түвшин буурахад нөлөөлж байна. Тиймээс дунд сургуульд олгох ёстой мэдлэгийг олгож, тэр орон зайг нөхөхөд хүрч байна.
Асуулт: Ахмадулина, Евтушенко, Рожденственский зэрэг 1960-аад оны нэрд гарсан хүмүүс тус дээд сургуульд сурч байсан. Утга зохиолын дээд сургууль сүүлийн үеийн төгсөгчдөөс хэнээр бахархаж байна вэ?
Б.Тарасов: Сүүлийн арван жилд утга зохиолын дээд сургуулийг төгссөн Виктор Куллэ, Марина Палей, Михаил Тарковский, Олег Павлов, Евгений Лесин, Мария Степанова болон бусад хүмүүсээр бахархаж байна. “Их ном” шагнал хүртсэн 10 хүний гуравны нэг нь Утга зохиолын дээд сургуулийг төгсчээ.
Асуулт: Янз бүрийн арга замаар яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч болно. Утга зохиолын дээд сургууль ямар давуу талтай вэ? Нэрд гарсан зохиолчдоос хэн танай дээд сургуульд багшилж байна вэ?
Б.Тарасов: Манай сургуулийн нэг багш авьяасыг дэмжих хэрэгтэй харин авьяасгүй нэг нь өөрсдөө адармаатай замыг туулна гэж хэлсэн юм. Сүүлийн хоёр жилд манай сургуулийн 9-10 хүн тэмцээн уралдаанд байр эзэлж байна. Бид бэлтгэх курс төдийгүй лицейн ирээдүйн төгсөгчдийг бэлтгэж байна. Манай багш нар Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх хүүхэд, залуучуудын студид ажиллаж, Орос улсын янз бүрийн мужаас ирсэн 10-18 насны залуу авьяастнуудад зөвлөлгөө өгдөг. Нэрд гарсан зохиолчдын тухайд манайд Владимир Костров, Евгений Рейн, Евгений Сидоров, Сергей Есин, Руслан Киреев, Владимир Орлов, Игорь Волгин, Алексей Варламов болон бусад хүмүүс багшилж байна.
Асуулт: Өнөөгийн оюутны дүр зургийг дүрсэлбэл… Дипломоо хамгаалсны дараа юу хүлээж болохыг төсөөлөөгүй сайн сайханд итгэсэн хүмүүс эсвэл амьдралд ойрхон арилжааны амжилт гаргах зорилготой хүмүүс байна уу?
Б.Тарасов: Гэнэн сайн сайханд итгэсэн хүмүүс цөөн. Олонх нь зах зээлийн тухайн үеийн зах зээлийн эрэлтийг харгалзаж байна. Зохиолчийн ур чадвар эзэмшээд оюутнууд уран бүтээлийн өөрийн онцлогоо тодруулахыг чармайж байна.
Асуулт: Сургууль төгсөгчдийн хувь заяанд дээд сургууль хэр анхаарал хандуулдаг вэ? Тэднийг урьдаас бодит амьдралд бэлтгэх тухайлбал редактор, сэтгүүл зүй, хянан тохиолдуулах ажилд сургах хэрэгтэй биш үү?
Б.Тарасов: Эдийн засаг, эрх, социологи, улс төр судлал, хэвлэл нийтлэл, хянан тохиолдуулах зэрэг ур чадвар эзэмшсэн төгсөгчид улс төр, захиргаа, эрдэм шинжилгээ, сэтгүүл зүй, багш, радио, телевиз, пүүс, компани, банк гээд янз бүрийн салбарт ажиллаж байна. Олон орны их дээд сургуультай хамтран ажилласан нь үүнд бас нөлөөлж байна. Уран зохиолын оргчуулгын дээд сургууль, телевизийн сэтгүүл зүй, кино зохиолчдын курс байгуулах төлөвлөгөө бий.
Асуулт: Зөвлөлтийн уран зохиолын бараг бүх өнгө будаг гэж хэлж болох Петр Проскурин, Виктор Астафьев, саяхан өөд болсон Чингиз Айтматов, Римма Казакова зэрэг хүмүүс тус сургуулийн утга зохиолын дээд курсыг дүүргэсэн. Зохиолчийн боловсрол олгох оновчтой загвар энэ биш гэж үү? дунд сургууль төгсгөч бус амьдралын туршлагатай тэр хүмүүс утга зохиолын мэргэжил эзэмших тэр дундаа шүүмжлэгч, үргэлжилсэн үгийн зохиолч болоход чухал биш гэж үү?
Б.Тарасов: Утга зохиолын дээд сургуулийн төгсөгч нэрд гарсан хүмүүсийн дотор Мустай Карим, Александр Вампилов, Новелла Матвеева, Михаил Алексеев, Юрий Левитанский, Кайсын Кулиев, Евгений Носов нар байна. Дээд курсыг уламжлалт сургалттай харьцуулах шаардлагагүй байх. Сургалтын энэ хоёр хэлбэр бие биенээ гайхалтай нөхөж байгаа. Амьдралын баялаг туршлагатай оуютнууд олон бий.
Асуулт: Танай сургууль ойн баяртаа хэрхэн бэлдэж байна вэ?
Б.Тарасов: Зохиолчдын төв өргөөнд 12-р сарын 3-нд Оросын янз бүрийн бүс нутаг, түүнчлэн ойрх болон алс гадаадаас ирсэн Утга зохиолын дээд сургуулийг төгсөгч янз бүрийн үеийнхэн оролцох ойн хурал болно. Тус хурлаар, мөн энэ үеэр байгуулагдах Утга зохиолын дээд сургууль төгсөгчдийн олон улсын холбоо ТУХН-ийн орнуудын хэлний орчуулгын тэнхим байгуулах, мөн хоёр давхар сургалтын байр барих төлөвлөгөөг хэрэгжүүлэх дээд сургуулийн хөгжлийн фонд байгуулахад хувь нэмэр оруулах юм. Шинэ байранд музей байгуулж, номын сангийн талбайг өргөтгөж, зохиолчдын архивыг хадгалж, соён гэгээрүүлэх ажлыг төгсөгчид, сургуулийн үйл ажиллагаатай холбоно. Хуралд оролцогчид 12-р сарын 4-нд манай оюутнуудтай уулзана.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав