Энэтхэгийн зүүн өмнөд хэсгийн бизнес болон соёлын төвийг бараг 60 цагийн турш айдас хүйдэст автуулсан сүүлчийн зэвсэгт этгээдүүдийг Энэтхэгийн тусгай алба бямба гаригт устгажээ. Сүүлчийн зэвсэгт мөргөлдөөн болсон “Таж-Махал” хуучны зочид буудлын нэг давхарт зэвсэгт этгээдүүдийн цогцос, автомат буу, гранат, балдааны зэр зэвсэг байлаа. 11-р сарын 28-нд орой террорист үйлдлийг таслан зогсоох сунжирсан буудалцааны эцэст еврейн шашны боловсролын төвийг эзэлсэн зэвсэгт этгээдүүд байсан “Нариман” орон сууцны хороолол, “Оберой-Трайдент” зочид буудлын цогцолборт террористуудын эсэргүүцлийг таслан зогсоов. Аюулгүй байдлын Үндэсний гвардийн тусгай алба, тэнгисийн цэргийн хүчин, хуурай замын цэргийн 500 гаруй дайчин терроризмын эсрэг ажиллагаанд оролцжээ. Террористуудын цус урсгасан халдлагад 195 орчим хүн үрэгдэж, 500 гаруй хүн шархадсан сүүлийн үеийн тоо баримт байна. Энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдаснаар энэ тоо нэмэгдэж магадгүй юм. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор АНУ, Израиль, Япон, Канад, Австрали болон бусад орны гадаадын 18 хүн байна. Энэтхэгийн тус хотын зочид буудлуудад байсан оросын иргэд хохироогүй байна. Оросын консулын албаны төлөөлөгчид, тусгай албадын дайчид тэнд байдсан оросын сүүлчийн гурван иргэнийг зочид буудлаас гаргажээ. Сайн бэлтгэж, сургасан террористуудтай буудалцах үеэр цагдаагийн 15 ажилтан, тусгай албаны 2 цэрэг үрэгдсэн байна. Террористууд энэ халдлагыг үйлдэхийн тулд Пакистаны нутаг дэвсгэрт бэлтгэл сургуулилт хийсэн гэж Энэтхэгийн засгийн газар тус улсыг буруутгаж байна. Амьдаар нь барьсан цорын ганц зэвсэгт этгээд Пакистаны Пенжаб мужийн уугуул иргэн байжээ. Террористууд үлээдэг завиар Мумбайд ирсэн гэж тэр мөрдөн шалгагчдад өчсөн байна. Халдлагад сайн бэлдсэн тухай энэтхэгийн хэвлэлд бичиж байна. Пакистаны нутаг дэвсгэрт орших лалын хууаранд террористууд 3 сар бэлтгэл сургуулилт хийжээ. Пакистаны засгийн газрын нэр хүндийг унагах, Энэтхэг, Пакистаны харилцаа сайжрахад саад болох зорилгоор Мумбайд алан хядах ажиллагаа үйлдсэн гэж Оросын шинжлэх ухаан академийн дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Георгий Мирский ярьж байна. Лалын тулгуур үзэлтнүүд Энэтхэгийн байр суурийг сулруулж, тус улсын тогтвортой байдлыг алдагдуулж, Пакистантай ойр дотно харилцаатай болсон, мөн дэлхийн бөмбөрцөгийн энэ хэсэгт АНУ-ын гол түнш болж байгаад тус улсыг шийтгэхийн тулд ийм үйлдэл хийсэн гэдэгт тэр итгэлтэй байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав