Төмөр замын тээвэр, түүний дамжин өнгөрөх боломжийг хөгжүүлэх чухал асуудлыг хэлэлцэхэд “Оросын төмөр зам” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэгийн /НХН/ ерөнхийлөгч Владимир Якунин оролцов. Тус компанийг геополитикийн нөлөөлөх хэрэгсэл хэмээн үзэж болно гэж “Оросын төмөр зам” НХН-ийн удирдагч дугуй ширээний уулзалтад оролцогчдод сануулав. Тухайлбал Армянийн төмөр замыг ажиллуулах эрхийг авах нь эдийн засгийн хувьд төдийгүй геополитикийн хувьд зөв зүйтэй алхам юм. Зорчигч тээврийн болон нефть зөөвөрлөх том эзлэхүүнтэй чингэлэгийг зохион байгуулахад чиглэсэн Сибирийг нэвтэлсэн тээвэр-логистикийн дэд бүтцийг оновчтой болгоход “Өрнө-Дорно” евразийн хонгилыг хөгжүүлэх нь чухал байгааг дугуй ширээний уулзалтад оролцогчид тэмдэглэв. “Хэтдээ Солонгосыг нэвтэлсэн төмөр замын гол шугамыг сэргээсний дараа евразийн тээврийн зах зээлд Сибирь нэвтэлсэн төмөр замын байдал сайжирна. Энэ жил “Оросын төмөр зам” НХН хойд Солонгосын түншүүдтэйгээ хамтран Хасан-Ражин шугамыг шинэчлэх, ойролцоогоор 100 мянган ТЕU /20 футын чингэлэгийн эзлэхүүнтэй тэнцэх хэмжих нэгж/ хүчин чадалтай чингэлэгийг зөөж, буулгах зогсоолыг Ражин боомтод барих төслийн гол хэсгийг хэрэгжүүлж эхэлсэн” В.Якунин хэлэв. Япон, БНСУ, Хятадын хойд болон зүүн хойд хэсгийн нутгийн гадаад худалдааны ачааг Оросын төмөр замын “Өрнө-Дорно” хонгилоор тээвэрлэхэд анхаарал хандуулах нь хамгийн ирээдүйтэй юм. Евроазийн дамжин өнгөрөх замыг зохион байгуулахад Монгол Улсын төмөр замын гүйцэтгэх үүрэг чухал болохыг В.Якунин тэмдэглэв. Монголын нутгаар ачаа тээвэрлэх нь хэтдээ Хятадаас Европт, мөн Европоос Хятадад чингэлэгийн ачаа хүргэх чухал маршрут болно. Үүнээс гадна “Оросын төмөр зам” НХН олон улсын “Хойд-Өмнөд” тээврийн хонгилыг барьж дуусгахаар Иран, Азербайжантай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ ажлыг ойрын жилүүдэд дуусгаснаар Санкт-Петербургээс Персийн булангийн Бендер-Аббас боомт, мөн баруун хойд, төв европыг Ойрх Дорнод, Өмнөд Азитай холбосон 4,5 мянган км урт хуурай замын “гүүрийг” түүхэнд анх удаа байгуулах юм. Дугуй ширээний уулзалтаар улс орны тээврийн боломжийг үр ашигтай хөгжүүлэх боломжийг хэлэлцэв. Эдгээрийн дотор инновацийн технологийг өргөн ашиглах, ОХУ-ын тээврийн системийн хөгжлийн стратегийг хууль эрх зүйн шаардлгад нийцүүлэх хэрэгтэй байна. Оросын төмөр замын тээврийн боломжийг хөгжүүлснээр Оросын эдийн засгийг дэмжинэ гэсэн үндсэн дүгнэлтийг уулзалтад оролцогчид гаргасан гэж “Оросын төмөр зам” НХН корпорацийн харилцаа холбооны газраас мэдэгдэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав