Орос улсын нэрд гарсан зураач, Москва хотын нэхмэлийн их сургуулийн профессор, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн удирдах гишүүн Жаид Жемалийн 80 насны ой тохионо. Түүний ойн өмнө манай тусгай сурвалжлагч Ольга Павлович зураач Жемальтай уулзсан юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр зураачтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Асуулт:Жаид Шамильевич, 1960-аад оны эхэн үед Улаанбаатар хотын Багшийн их сургуулийн урлагийн факультетын график зургийн ангид багшилж олны танил болсон билээ. Тэр үеээс энэ орныг сонирхож, уран бүтээлдээ энэ улсын онцлогийг тусгах болсон уу?
Ж.Жемаль: Арай тийм биш юм. Суриковын нэрэмжит уран зургийн сургуульд би монголын нэрд гарсан зураач Чүлтэм, Одон, Доржпалам нартай хамт сурч байсан юм. Миний анх удаа танилцсан монгол хүмүүс тэд байсан. Тэд эх орныхоо тухай, үзэсгэлэнт байгалийн талаар надаа олонтаа ярьж байсан. Тэгэхэд Монгол улсад очих хүсэл төрсөн юм. Арван жилийн дараа Улаанбаатар хотод ажиллах санал тавихад, би дуртаяа зөвшөөрсөн. Хамгийн сонирхолтой нь Сүхбаатарын талбайд анх очиход өөрийн анд Доржпаламтай таарсан. Бид их баярлаж, хожим нь миний амьдрал Монголтой холбогдсон билээ. Би энэ улсад л зураач, сурган хүмүүжүүлэгч болсон. Монголын урлаг болон тус улсын амьдрал миний уран бүтээлд онцгой нөлөөлсөн.
Асуулт: Танд Монгол сэдэвтэй хэдэн зураг байдаг вэ?
Ж.Жамаль: Их олон. 850 гаруй зураг зурсан. Янз бүрийн сэдэвтэй. Монголын сэдвээр зургаа үргэлжлүүлэн зурж байсан. Миний бүх зураг ялгаагүй надад үнэ цэнэтэй. Миний хэд хэдэн зураг Санкт-Петербург хотын Оросын музейд, мөн Москвагийн Дорнын ард түмний урлагийн музейд байдаг. Саяхан л гэхэд монголын нэрд гарсан эрдэмтэн Бямбын Ринчингийн хөргийг Монголын уран зургийн музейд бэлэглэсэн. Би энэ их эрдэмтнийг танидаг байсан. Урьд би энэ музейд батик хэлбэрийн хэд хэдэн бүтээлээ бэлэглэж байсан.
Асуулт: Жаид Шамильевич, одоо та ямар бүтээл туурвиж байна?
Ж.Жемаль: Би хамгийн сүүлд 2006 онд Монгол Улсад очсон. Шинэ орныг харж, шинэ сэтгэгдэлтэй хоцорсон. Би Улаанбаатарын график циклийг эхэлсэн. Үүнээс гадна “Монголын нууц товчоо” номонд зориулсан зургаа үргэлжлүүлэн зурж байна. Монголын нэрд гарсан эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн нууц товчоонд зориулсан зураг зурахыг ерөөсөн юм. Би энэ зургаа дундаа завсарлаж, 20 жил зурж байна. Энэ сэтгэлээс гардаг хөдөлмөр тул хэсэг хугацааны дараа энэ зургаа үргэлжлүүлэн зурдаг. Одоо нууц товчооонд зориулсан 50 орчим зураг байна. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монголын анд нөхдийн нийгэмлэг, “Монгол-Оросын” найрамдалын нийгэмлэг 2006 онд Улаанбаатар хотод миний үзэсгэлэнг гаргасан юм. Энэ үзэсгэлэнд “Нууц товчоонд” зориулсан ажлаа анх удаа тавьсан.
Асуулт: 80 насны ой гэдэг бол том ой. Та ажлын эрч хүчээр дүүрэн байна.
Ж.Жемаль: Би нас ахиж байгаа талаар боддоггүй. Хөндлөнгийн хүнд хэрхэн харагдаж байгаа бол гэж хааяа боддог. Миний шавь нар хөгширч байна гэж бодох зав олгохгүй байна. Тэд намайг дэмждэг. Би нэг үеийн зураачдыг хүмүүжүүлсэн. Харин Монголд миний шавь нар хэдийн өвгөн болсон. Миний ойг тохиолдуулан баяр хүргэсэнд талархаж байна. Та бүхэнд мэнд дэвшүүлье.

<сонсох>

Г.Нарангарав