Орос улсад дэлхийн санхүүгийн тэргүүлэх төвүүдийн нэгийг байгуулах, рублээр төлбөр тооцоо хийх зэрэг хоёр зорилтыг ерөнхийлөгч Д.Медведев Холбооны Хуралд танилцуулсан тэргүүн зэргийн зорилт хэмээн мэдэгдэв. Орос улсыг ч тойроогүй дэлхийн санхүүгийн хямаралтай холбоотойгоор энэ сэдэв онцгой чухал юм хэмээн “Тройка диалог” компанийн захирал Юрий Нечуятов тэмдэглэж байна. «Орос улсыг аажмаар олон улсын хэмжээний санхүүгийн төв болгон хувиргах хэдийн хэрэгжүүлж эхэлсэн төлөвлөгөө нь өөр өнгө төрхтэй болж байна. Санхүүгийн уламжлалт төвүүд нэр хүндээ нэлээд алдсан байгаа юм. Тиймээс энэ бол санхүүгийн зах зээлд байгаа хүмүүст стратегийн боломж билээ» гэлээ. Бүх оролцогчийн ашиг сонирхолыг хангах санхүүгийн шинэ байгууллага байгуулах санаа өнөө үед олонтаа дуулдаж байна. Орос улсын статус улам нэмэгдэнэ гэсэн үг юм. Өөрийн нутагтаа санхүүгийн томоохон төв байгуулах санаа дэвшүүлснээр Орос улс энэ чиглэлд тодорхой алхам хийж байгаа хэрэг билээ. Оросын өрсөлдөх чадвартай санхүүгийн системийн цөм нь болох төв байгуулах тухай багц хуулийг оны төгсгөлд батлах ёстой гэж Д.Медведев мэдэгдэв. Олон улсын төлбөр тооцоонд рублийн валютын хувьд гүйцэтгэх үүрэг нэмэгдсэнээр нефть, хийн экспортыг рублээр тооцох боломжтой болно. Эрчим хүчний нөөцийн биржийн худалдааны системд рублийг ашиглах ёстой. Үүний тулд улс орны биржийн дэд бүтцийг өргөжүүлэх шаардлагатай гэж Орос улсын нефть хийн үйлдвэрлэгчийн Холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль үзэж байна. «Бид өөрсдийн биржийн системээ хөгжүүлэх шаардлагатай. Яагаад манай нефтийг Лондонд эсвэл хаа нэгтээ үнэлж байна вэ? Хийг бид огт үнэлдэггүй. Аль алиныг нь үнэлдэг өөрийн гэсэн биржтэй байх шаардлагатай байна. Бид дэлхийн хийн дөрөвний нэгийг олборлодог тул өөрийн гэсэн биржтэй байх эрхтэй. Өнөө үед хий хангалттай бие даасан объект юм. Одоохондоо хийн үнэ нефтээс шууд хамаарч байгаа нь буруу. Байгалийн шингэрүүлсэн хий гарч ирсэн нь нефтийг орлож болох юм». Шинжээчдийн үзэж байгаагаар ойрын ирээдүйд ТУХН-ийн хүрээнд нефть, хий худалдах, худалдан авах гэрээ хийхэд рублээр төлбөр тооцоо хийх боломжтой болно. Эрчим хүчний нөөцийг экспортолж, импортлох тухайд “Интер РАО ЕЭС” оросын компани ТУХН-ийн орнуудтай хийж буй төлбөр тооцооны гуравны нэгийг рублээр хийж байна. Белорус, Казахстан, ТУХН-ийн тэргүүлэх түншүүд орос улстай рублээр тооцоо хийж байна. Хятад, Украинтай яриа хэлэлцээ хийж байна. Рубль олон улсын төлбөр тооцооны нэг хэрэгсэл болж, алсдаа бүс нутгийн валют болно.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав