Дэлхийн орос хэлний 2-р ассамблейн хүрээнд Москва хотноо 11-р сарын 1-2-нд болсон “Уран зохиол, орос хэл заах арга зүйн хэтийн төлөв байдал” сэдэвт олон улсын бага хурлын гол санаа ийм байлаа. “Өнөө үед Орос хэлээр Шинэ Зеландаас өгсүүлээд хаа сайгүй ярьж байна” гэж “Орос ертөнц” сангийн тэргүүн, орос судлаач Вячеслав Никонов форумын үеэр мэдэгдлээ. Европын Холбооны улс орнуудад орос хэлээр ярьдаг 10 сая хүн оршин сууж байна. Орос хэлтнүүд тус холбооны нутаг дэвсгэрт оршин суугаа хамгийн олон тооны үндэстний цөөнх билээ. Өнөө үед орос хэл, орос ертөнцийн талаар ярих учиртай гэж Вячеслав Никонов ярьж байна. «Янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүс орос хэлээр ярьдаг. Орос ертөнц үнэн алдартан, лал, иуд, буддын шашин шүтдэг хүмүүсээс бүрддэг байна. Орос ертөнц олон үндэстнээс бүрддэг. Хэрэв та тухайлбал Германд болсон орос судлаачдын конгресст хүрэлцэн ирвэл орос гаралтай олон хүнтэй учирна. Тэнд Казахстанаас суурьшсан герман үндэстэн, зөвлөлтийн үеийнхээс ч илүү өөрсдийгөө орос үндэстэн гэж үзэх Украинаас суурьшсан еврей үндэстэнтэй таарна. Бид орос ертөнцийн тухай, орос хэл, орос соёлын тухай ярьж байна». Орос ертөнц гэдэг нийгмийн орчин үеийн хөгжилд түлхэц болсон соёл иргэншлийн үндэс орос хэл гэсэн итгэл үнэмшилд суурилсан үзэл баримтлал юм гэж Вячеслав Никонов ярьж байна. Сансрын тойрог замд орос хэлээр анх удаа ярьсныг санахад хангалттай. Оросын ард түмний найрамдалын их сургууль орос судлаачдын энэ удаагийн форумыг зохион байгуулсан нь бэлэгдэлтэй юм. Энэ их сургууль дэлхий дахинаа алдартай бөгөөд орос хэлээр ярьдаг олон үеийг хүмүүжүүлсэн билээ. Орос хэл Оросын хил хязгаараас гадна орших олон хүн амыг нэгтгэн, нягтруулж байгаа бөгөөд орос хэлний багш нарын энэхүү уулзалт чухал ач холбогдолтой хэмээн казахстаны яруу найрагч, ЮНЕСКО-ийн ерөнхий бага хурлын орос хэлний бүлгийн дарга Олжас Сулейменов итгэлтэй байна. «Үнэхээр нөхөрлөж буй ард түмний төлөөлөгчид оролцсон энэ хурлаас ард түмний найрамдал хэмээн мартагдаж буй энэ ойлголт дэлхийд сэргэж эхэлж байна. Хүний амьдралын бүх салбарт матриц дахин ачааллаа гэж хэлэх байна гэж ЮНЕСКО-ийн төлөөлөгч хэлэв. Мэдээж хэрэг нийгмийн ухаан, хэлний салбарт ачааллаж байна. Хэл бүр өөрийн байраа тодорхойлж байна. Сүүлийн арван жил орон зайгаа алдаж, одоо дэлхийн соёлын хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлоо ухаарч байгаа агуу орос хэл юм». Орос хэлийг эх хэл, гадаад хэлний хувьд заах шинэ хандлагын талаар мэргэжилтнүүд Москвагийн форумын үеэр ярьж байв. Янз бүрийн угсаатны хэлийг судлах, орос хэлээр өрнөж байгаа үндэстэн хоорондын болон ажил хэргийн хамтын ажиллагааны асуудал, янз бүрийн үндэстний соёлын хэлийг судлах зэрэг бусад тулгамдсан сэдвийг хэлэлцсэн юм. Янз бүрийн сэдвийг хөндсөн тул бага хуралд оролцогчдын илтгэл 800 хуудас эмхтгэл болсон байна. “Одоо орос ертөнц, орос хэл бол өнгөрсний дурсамж бус ирээдүйн мөрөөдөл, бодит байдал юм.” Дэлхийн дахинаа эрхэм чанар, итгэл, сайн сайхан, шударга ёс, эрх чөлөөний үзэл санааг хүргэх агуу соёл иргэншлийн бодит байдал юм. Бусад ертөнцтэй энх тайвнаар оршин амьдрах чадалтай соёл иргэншил юм хэмээн “Орос ертөнц” сангийн тэргүүн Вячеслав Никонов мэдэгдэж, энэ үйл явцад орос хэлний багш нар онцгой үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав