Foto http://www.newsru.coОрос улсын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны хуралд танилцуулсан илтгэлдээ, Европ дахь АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бүрэлдэхүүн хэсгийг саармагжуулахын тулд Калининград мужид “Искандер” оператив-тактикийн пуужингийн цогцолбор байгуулах шаардлагатай байгаа тухай мэдэгдэв. Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийх нь ойлгомжтой гэж оросын шинжээчид үнэлж байна. Польш, Чехийн нутаг дэвсгэрт америкийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах стратегийн системийг байрлуулсанаар Орос улсын аюулгүй байдалд заналхийлж байна. Польшид байрлах пуужингууд Калининград мужийн ойролцоо байгаа бөгөөд сансрын болон агаарт байгаа, мөн газар дээрх байг устгахад ашиглаж болохоор байна гэж НАТО дахь Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин тэмдэглэж байна. Орос улсын ерөнхийлөгчийн санал болгосон бусад арга хэмжээ, мөн “Искандер” цогцолбор байрлуулах нь улс орны аюулгүй байдлын аюул заналыг саармагжуулах бүрэн боломжтой гэж Төрийн Думын батлан хамгаалах асуудал эрхэлсэн хорооны гишүүн, хурандаа генерал Игорь Пузанов үзэж байна. Ерөнхийлөгчийн тэмдэглэсэн байр суурь нь Орос улсын ашиг сонирхолыг хамгаалж, хангана гэсэн ойлголт төрүүлж байна. Энэ бол зохих хариу арга хэмжээ. НАТО улсын хилд дөхөж очсон энэ үед ийм хариу арга хэмжээ авах шаардлагатай. Чех, Польшид байрлуулах пуужингийн системийг саармагжуулах пуужингийн цогцолборыг шаардлагатай тохиолдолд байрлуулна ерөнхийлөгч шууд хэллээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Искандер” цоо шинэ цогцолбор юм гэж геополитикийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Константин Сивков ярьж байна. “Искандер” пуужингийн цогцолбор нь 350 км радиуст байгаа объект, радиолокацийн станцыг устгах чадалтай. Ердийн төхөөрөгтэй үед энэ цогцолбор суурин байг дээд зэргийн найдвартай устгах чадалтай юм. Учир нь байг онох нарийвчлал нь нэмэх-хасах таван метр юм. Байлдааны толгойг тээх маш жижигхэн үр ашигтай талбайтай тул пуужинг нисч байхад нь устгах боломжгүй юм гэж К.Сивков хэллээ. Удирдаж буй пуужингийн цогцолбор нь тасралтгүй маневролодог тул таамаглахад төвөгтэй траектороор нисэх чадалтай ажээ. Өрнөдөд Эс-Эс -26 нэр зүүх болсон “Искандер” пуужингийн цогцолбор нь нисэх буудалд байгаа нисэх онгоц, харилцаа холбоо болон удирдах төв, хамгийн гол нь дайсны галт хэрэгслийг сайн устгана. Орос улс өөрийн нутаг дэвсгэртээ “Искандер” пуужингийн цогцолборыг байрлуулснаар олон улсын ямар нэг гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй гэж шинжээчид тэмдэглэж байна.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав