Яриа хэлэлцээнд оролцсон Бээжингийн албан ёсны төлөөлгчийн ярьсныг Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл иш татан мэдээлэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэе. Яриа хэлэлцээнд ахиц гараагүй болохыг Хятадын коммунист намын төв хорооны нэгдсэн фронтын хэлтсийн орлогч дарга Жу Вэйцюнь мөн мэдэгдсэн билээ. Төвдийн автономит нутгийг төвдийн үндэстний цөөнхийн төлөөлөгчид оршин суугаа хөрш мужийн нутаг дэвсгэртэй нэгтгэж нэгдсэн автономит улс байгуулах, тэндээс хань үндэстнийг нүүлгэн шилжүүлж, өөрөө удирдах дээд зэргийн эрх олгох далай ламын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх аргагүй гэж тэр хэлэв. Энэ шаардлага “Төвдөд хагас эсвэл бүрэн тусгаар тогтнол” олгох гэсэн далай ламын хүсэл хэмээн Бээжин үзэж байна. Бээжингийн мэдээлснээр яриа хэлэлцээний үеэр шашны тэргүүн хятадын бүх цэргийн анги нэгтгэлийг Төвдөөс гаргахыг шаарджээ. Талууд тохиролцоонд хүрэх магадлал бага байна гэж ажиглагчид үзэж байна. Бодит бус шаардлага тавьж байгаа нь ойлогомжгүй юм. Сүүлийн яриа хэлэлцээг далай ламын төлөөлөгчдийн хүсэлтээр явуулсан болохоор элч төлөөлөгчид Бээжинд улс төрийн бодит байдлыг харгалзсан шаардлага тавина хэмээн найдаж байсан юм. Гэсэн ч талаар боллоо. Хятадын засаг захиргаа Хятадын ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлийг тэндээс хэрхэвч гаргахгүй гэдэг нь ойлгомжтой. Жу Вэйцюнийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнээр ямар ч улс цэргээ өөрийн нутаг дэвсгэрээс гаргахыг зөвшөөрөхгүй. Талууд ноцтой санал зөрөлдсөн ч, хятадын албан тушаалтны хэлснээр “цаашид яриа хэлэлцээ хийх үүд нээлттэй байна”. Хятад улс далай ламын талаар тодорхой байр суурь баримталж байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Цзян Юй тэмдэглэв. Далай лам Хятадын төв засгийн газартай харилцаагаа үнэхээр сайжруулахыг хүсч байгаа бол Бээжинд энэ зун болсон яриа хэлэлцээний үеэр амласнаа дорвитой биелүүлж, Төвдийн тусгаар тогтнолыг зарлах үзэл санаанаасаа татгалзах хэрэгтэй болохыг Бээжин ойлгууллаа.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав