Ерөнхийлөгч 11-р сарын 5-нд Холбооны хуралд танилцуулсан санаачилгын тухай энд өгүүлж байна. Тэр үед төрийн тэргүүний хэлснээр одоо байгаа байгууллагуудын улс төр, эрхийн мөн чанарыг хөндөлгүй өөрчлөлт оруулах тухай ярьж байсан. Ерөнхийлөгч Д.Медведевийн үндсэн хуульд оруулахаар санал болгосон өөрчлөлт нь гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын бүрэн эрхийг нэмэгдүүлж, тэнцвэржүүлэх ёстой хэмээн улс төр судлаач Вячеслва Никонов манай радио станцад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. «Төрийн Дум парламентын хяналт тогтоох эрхтэй болох санал нь нэлээд дорвитой өөрчлөлтийн нэг юм. Энэ нь хууль тогтоох засаглалын онцгой эрх, оросын парламентын хөгжлийн үндсийг бэхжүүлэхэд дорвитой алхам болсон. Үүнээс гадна Д.Медведев засгийн газар жил тутам Төрийн Думд тайлагнах жишгийг санаачилсан. Энэ алхам ч ялгаагүй Орос улсын хууль тогтоох засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн». Дорвитой өөрчлөлт нь Төрийн Дум болон ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг өөрчлөх тухай юм. Ерөнхийлөгч болон Төрийн Думыг нэгэн зэрэг бус хэдий ч, хагас жилийн зайтай 4 жилээр сонгодог байсан. Д.Медведевийн саналаар төрийн тэргүүнийг 6 жил, парламентын доод танхимыг 5 жилээр сонгох юм. Энэ нь сонгуулийн хугацааг солбиулахаас гадна төрийн залгамж бодлогыг хангах зорилготой гэж Вячеслав Никонов ярив. «Дөрвөн жилийн хугацаа үнэхээр богинохон юм. Засгийн эрхэнд гарч, дараагийн сонгуулийн кампанит ажлыг явуулахад асар их хугацаа зарж байна. Тиймээс улам их залгамж шинжтэй болно. Орос орон асар уудам орон 4 жилд энэ газар нутгийг туулах аргагүй. Энэ нь хууль тогтоох засаглалын ажлыг нэлээд тогтворжуулж, сонгуулийн кампанит ажилд өнгөлзөх нь багасах юм». Ерөнхийлөгч, парламентын бүрэн эрхийн хугацааг сунгаснаар эрх барьж байгаа этгээдүүд үүргээ цалгардуулна хэмээн эмээж байгаа зарим шинжээчдийн байр суурийн тухайд улс төрч Глеб Павловский манай радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү хариулсан юм. Ерөнхийлөгч Д.Медведевийн Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтийг анхааралтай уншивал тэрээр өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагааг удаашруулах сонирхолгүй болох нь харагдана хэмээн тэр хэлсэн юм. Харин эсрэгээр ерөнхийлөгч улс орныг шинэчилж, сайжруулах бодолтой байна. Оросын парламент зэрэг ардчилсан байгууллагын үүргийг дээшлүүлэхгүйгээр үүнийг хэрэгжүүлэх аргагүй.

<сонсох>

Орчуулагч Г.Нарангарав