Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогийн 7 хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг эхэлж байна. Уламжлал есоор захидалын тоймоос эхэлье. Манай байнгын сонсогч Дархан хотын оршин суугч Ц.Алтантуяа манай нэвтрүүлгийг байнга сосндог бөгөөд өндөр үнэлжээ. Орос-Монголын янз бүрийн салбарын харилцааны талаарх мэдээ материал онцгой анхаарал татдаг гэж тэр захидалдаа бичсэн байна. Улаанбаатар хотын оршин суугч Н.Төрбат монгол хэлний редакцийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүссэнд талархаж байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг сайн хэмээн үнэлдэг тухай бичээд, шинжлэх ухаан техникийн салбарт Орос улсын гаргасан ололт амжилтын талаарх нэвтрүүлгийг түлхүү дамжуулахыг хүсчээ. “Дэлхийд шинжлэх ухаан техник” нэвтрүүлэг мягмар гариг бүрт эфирээр дамжуулж байгааг сануульяа.
Эрхэм сонсогчид оо, та бүхэн бидэнд захидал бичсэнд их баярлалаа. Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын оршин суугч Д.Лхагвасүрэнгийн хүсэлтээр Валерий Леонтьевын дуулсан “Борооны хүн” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Орос улсын эдийн засагт хөдөө аж ахуйн салбар ямар үүрэг гүйцэтгэж байгаа тухай Төв аймгийн Баянчандамань сумын оршин суугч Д.Дашринчин, Ч.Доржсүрэн, Орхон аймгийн Баян сумын Эрдэнэт хотын оршин суугч Д. Товуусүрэн, Өмнөговь аймгийн Даланзадагад сумын иргэн С.Базар, Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч П.Дүвжир нар сонирхожээ. Ойрын дөрвөн жилд хөдөө аж ахуйг хөгжүүлэх улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 100 гаруй тэрбум рубль буюу 5 сая орчим доллар нэмж хуваарилах гэж байна. Өрнөдийн орнууд хөдөө аж ахуйн салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлогыг дээд хэмжээнд хэрэгжүүлж байгаа болохоор энэ хэвийн зүйл. Энэ мөнгийг махны чиглэлийн мал үржүүлэх, сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна. Сүүлийн үед энэ чиглэлд нэмж хөрөнгө оруулах шаардлагатай байгаа юм гэж ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Александр Петриков хэллээ. «Мал аж ахуйн байдлаа харгалзан манхны хэрэгцээг хангахад анхаарах хэрэгтэй. Манай мах, сүүний зах зээлд импорт зонхилж байна. Хүн амын орлого нэмэгдэхийн хэрээр дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ийм бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна. Дотоодын мал аж ахуйг хөгжүүлж зах зээлийн энэ хэрэгцээг хангах шаардлагатай юм”. Хуурай сүү, мах тэр дундаа үхрийн махны импортоос одоохондоо их хамаарч байна. Одоо сүүний импорт 20 орчим хувьтай байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Орос улсад хувийн аж ахуй, туслах аж ахуйгаас ийм бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах, сүүний томоохон ферм барьж байгуулах ажил өрнөж байна. Дэлхийн зах зээлд сүүлийн үед сүүний үнэ нэлээд өссөнийг мартах есгүй. Орос улс сүүг их хэмжээгээр импортолдог тул дэлхийн зах зээдл энэ бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг шууд мэдэрч байна. Энэ нь инфляцийг хөөрөгдөх хүчин зүйл юм. Том хотууд мах их хэмжээгээр импортолж байна. Энд бараг 50 орчим хувь нь импортын мах байна. Харин оросын гахай, шувууны мах үйлдвэрлэгчдэд байдал ашигтайгаар эргэжээ. Улс оронд хүчирхэг хөдөө аж ахуйн холдингийн сүлжээ байгуулсан. Тиймээс Хөдөө аж ахуйн яам, орос улсын бизнес нийгэмлэг 2009 онд шувууны мах импортлох хязгаарыг 200 мянган тонноор бууруулахыг санал болгожээ. Ирэх жил 1.2 сая тонн шувууны мах импортлох хязгаар тогтоосон. Засгийн газар импротыг бууруулах саналыг баталсны дараа орос улсын хөдөө аж ахуйн бизнест үйлдвэрлэлээ өргөжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын сонсогч Ш.Цэнд, Ц.Рагчаа, Өмнөговь аймгийн сонсогч Бямбажав нар дуучин Аллаа Пугачевын уран бүтээлийг сонсох дуртай юм. Түүний дуулсан “Большак” дууг сонсоцгооно уу. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн Г.Гэндэн Александровын нэрэмжит дуу бүжгийн академи ансамблийн тухай нэвтрүүлэхийг хүсчээ. Хоёр удаагийн улаан одонтой Александровын нэрэмжит Оросын армийн дуу, бүжгийн академи ансамбль нь Оросын цэргийн уран сайхны томоохон хамтлаг юм. Тус хамтлаг 1928 оны 10-р сарын 12-нд Улаан Армийн төв ордонд 12 хүний бүрэлдэхүүнтэй тоглосноор үүсгэн байгуулагджээ. Тус Ансамблийн бүрэлдэхүүн 1930-аад оны дундуур 300 хүн болж, нэр хүнд нь Оросын хил хязгаараас хальжээ. 1978 онд тус Ансамбль байгуулагдсаны 50 жилийн ойн босгон дээр мэргэжлийн хамгийн өндөр гэрчилгээ болох академи статустай болсон байна. ЗХУ-ын ардын жүжигчин, Москвагийн консерваторийн профессор, хөгжмийн зохиолч, хошууч-генерал Александр Александров тус ансамблийн хөгжмийн удирдачаар анх ажиллаж, 18 жил толгойлжээ. Түүний хүү социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын ардын жүжигчин, ЗХУ-ын төрийн болон Лениний шагналт, хошууч генерал Борис Александров тус ансамблийг 41 жил удирдсан юм. Өнөөгийн байдлаар тус ансамбль 186 хүний бүрэлдэхүүнтэй. Гоцлол дуучин 9, 64 хүнийн бүрэлдэхүүнтэй эрэгтэйчүүдийн найрал дуучид, эрэгтэй, эмэгтэй бүжгийн хамтлаг 35 хүний бүрэлдэхүүнтэй юм. Ансамблийн бүх гишүүн хөгжим, бүжгийн тусгай боловсролтой. Тус ансамблийн эрэгтэйчүүдийн найрал дууны хамтлаг дэлхийн ийм хамтлагуудын манлайд ордог. Энэ хамтлаг нэгэн жигд цээл хоолойгоор дуулж, дуулах өндөр ур чадвараа харуулдаг. Тус ансамблийн бүжгийн хамтлаг бүжгийн урлагийн дээд зэргийн чадварыг эзэмшжээ. Ер бусын бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийн хамтлагийн жигд аялгуугаас найрал дууны хамтлаг, гоцлол дуучин, бүжгийн хамтлагийн амжилт ихээхэн шалтгаална. Орос ардын хөгжмийн зэвсэг баллайк, баян хуур, домр, мөн модон болон зэс үлээвэр хөгжмөөс бүрддэг. Эх орны дайны жилүүдэд тус ансамбль бүрэн бүрэлдэхүүнээр 1500 гаруй удаа цэрэг армийнханд уран бүтээлээ хүргэжээ. Тогтсон уламжлалын дагуу тус хамтлаг Оросын армийн цэргийн анги нэгтгэл, тойргуудад концерт тоглож байна. Тус ансамблийн өндөр дээд шагналаар шагнасан юм. Ансамблийн урын санд 2 мянга гаруй бүтээл байдаг. Энэ нь эх орны хөгжмийн зохиолчдын дуу, ардын дуу, бүжиг, цэргийн бүжиг, найрал хөгжим, оросын болон гадаадын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл, поп хөгжмийн шилдэг дуунууд багтдаг. Одоо Александровын нэрэмжит дуу бүжгийн академи ансамблийн “Цэрэг” орос ардын хөгжилтэй дууг сонсоцгооё.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Орос улсын байгаль орчин, амьтан, ургамал хамгаалах талаар төрөөс авч байгаа арга хэмжээний талаарх нэвтрүүлэг их сонирхол татсан тухай Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүүн сумын соногч Ш.Жамбалсүрэн нар захидалдаа бичжээ. Өнөөдөр амурын барын тухай өгүүлье. Оросын шинжлэх ухааны академи засгийн газрын дэмжлэгээр Алс Дорнодын Уссурийскийн дархан цаазат газар уссурийскийн барыг аврах үндэсний хөтөлбөр буюу байгаль орчныг хамгаалах өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлж байна. Энэ ховор амьтны амьдрал, түүний хөдөлгөөнийг өдрийн турш ажиглах боломжтой. Оросын эрдэмтэд хиймэл дагуулаар тэднийг ажиглахаар шийджээ. Энэ арга төвөгтэй, өндөр өртөгтэй ч, үр нөлөөтэй арга юм. Ганц ч, араатан хараанаас гарахгүй. Хамгийн том, хойд нутгийн барыг Улаан номонд хэдийн оруулсан юм. Энэ бар Примор, Хабаровскийн хязгаар, Амур мужид голдуу нутагладаг бөгөөд Хятадад цөөн толгой байдаг юм. Янз бүрийн тоо баримтаас үзэхэд 300-450 толгой амурын бар байдаг байна. Оросын эрдэмтдийн боловсруулсан энэ хөтөлбөр энэ ховор амьтныг хамгаалж, тоо толгойг нь нэмэхэд тус болно. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нэг шалтгаан нь хүн барын зөрчил их байгаа явдал юм. Бар хүн оршин суудаг газар үзэгдэх болжээ. Бар сайна сайхан амьдралаас зугтан ой тайгаас гарч ирж байгаа юм биш. Араатны нутагладаг ой тайгыг тайрч, сүйтгэж байна. Хууль бус анчид хатуу хоригийг үл харгалзан жил бүр 80 барыг устгаж байгаа нь нийт тоо толгойн дөрөвний нэг юм. Одоо бар бүрт тусгай төхөөрөг зүүх тул тэдний алхам бүрийг ажиглах боломжтой болж байна. Хиймэл дагуулын холбоогоор төхөөрөг бүхий хүзүүвч өдөрт 3 удаа араатан хаана байгаа талаар мэдээлэл дамжуулна. Компьютер дээр бар цэг хэлбэрээр харагдана. Эхлээд барыг хөнгөн урхиар барина. Барын өнгөрдөг замд амьтныг үл гэмтээд зөөлөн трос, пружин гүнзгий бус нүхэнд байрлуулна. Бар урхинд орсны дараа датчик бүхий хүзүүвч зүүхийн тулд нойрсуулах эм тарина. Хүзүүвчийн зай 500 өдөр ажиллаад, автоматаар тайлагдана. Урхинд орсон амьтанд тодорхой давтамжтайгаар молекул-генетикийн шинжилгээ хийнэ. Амурын барын урхийг шалгахаар тусгай баг өглөө бүр ой тайгыг зоридог. Бар маш болгоомжтой, нууцлаг амьтан. Заримдаа бар урхинд орохыг хэдэн сараар хүлээдэг. Амурын барыг аврах хөтөлбөр нь Орос улсын хөхтөн амьтныг судлах хамгийн хүч сорьсон хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрийг 5 жил хэрэгжүүлнэ. Орос улсын нутаг дэвсгэрт нутагладаг муурын төрлийн цагаан барс, ирвэс зэрэг бусад ховор амьтныг хамгаалах хэд хэдэн хөтөлбөр ойрын үед бий болно.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг төгслөө. Эрхэм сонсогчид оо, та бүхэнд эрүүл энх, баяр хөөр, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны хөгжлийн талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгүүдийг “Оросын дуу хоолой” радиогийн www.ruvr.ru вэб хуудсаас монгол хэлээр уншиж, сонсох боломжтой.
Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова, гаргагч редактор С.Эрдэнээ, нэвтрүүлэгч Гантигмаа, Лхагсвасүрэн, пультийн найруулагч Е.Почкина нар ажиллаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>