Орос улсын дээд шүүх 1918 онд Екатеринбургт буудуулан хороогдсон оросын сүүлчийн эзэн хаан 2-р Николай болон түүний гэр бүлийнхнийг хэлмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөв. Романовын үр сад хэдэн жилийн турш ийм шийдвэр гаргуулахын төлөө хөөцөлдсөн юм. Эзэн хаан, түүний төрөл садныг шүүхийн шийдвэргүй буудан хороосон тул хэлмэгдүүлэлт бус ердийн эрүүгийн гэмт хэрэг хэмээн Ерөнхий прокурорын газар үзэж байсан юм. Шүүх эцсийн шийдвэр гаргасан бөгөөд давж заалдах аргагүй юм. 1917 онд 2-р сарын хувьсгалын дараа орос улсын сүүлчийн эзэн хаан хоёрдугаар Николайг хаан ширээнээс зайлуулсны дараа эхнэр, дөрвөн охин, хүү Алексей, ойр дотны цөөн хүний хамт Сибирийн Тобольск хотод цөлөгдсөн юм. Харин хэдэн сарын дараа большевикууд төр засгийн эрхэнд гарсны дараа Романовынхныг Екатеринбургт шилжүүлж, зэрлэгээр хөнөөсөн байна. Орос улсын үнэн алдартны шашны сүм хааны бүх гэр бүлийг хэдийн ариун шүтээнд багтаасан. Одоогийн төр засаг 1918 оны улс төрийн гэмт хэргээр хэмээн нэрлэсэн, гэр бүлийхнийг цагаатгасан билээ. Дээд шүүх хааны гэр бүлийг цагаатгасан нь тэр аймшигт хэрэгт хамаарах сүүлчийн шийдвэр биш хэмээн хэвлэн нийтлэгч Анатолий Степанов үзэж байна. «Төр засаг гэмт хэргийг буруушаагаад зогсохгүй ямар нэг алхам хийгээсэй гэж хүсч байна. Тухайлбал энэ эмгэнэлт хэрэг болсон Екатеринбург хот орших Свердловск муж аллагыг үйлдэхэд оролцсон хүний нэрээр нэрлэсэн юм. Свердлов хааны гэр бүлийнхнийг хүйс тэмтрэх тушаал өгсөн. Москва хотын нэг өртөөг энэ балмад үйлдэлд оролцсон хүний нэг Войковская гэж нэрлэжээ. Ийм юм байж болохгүй». Хааны гэр бүлийнхнийг цагаатгана гэдэг хуульт төр засгийн бас нэг алхам билээ.Орос улс өнгөрсөн үеийн цус урсгасан үйлдлийг буруушааж, хөгжлийн шинэ замд гарч байгаагаа дэлхийн ертөнцөд харууллаа. “Манай төр засаг залгамж халаа нь болоод байгаа тэр үеийн системийн алдааг бид хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн энэ шийдвэр улс орны нэр хүндийг олон улсын тавцанд өргөж байна. Ийм алхамыг хүндэтгэхээс өөр аргагүй юм” гэж Холбооны Зөвлөлийн гишүүн Амир Галлямов хэлсэн юм. Үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх нь нийгэмд онц чухал төдийгүй шударга явдал, хууль есыг дээдэлснээр орос улсын хууль эрхийн системийн нэр хүндийг өргөж байна” гэж сенатч хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>