Орос, Монгол Улсын засгийн газар 1990-ээд онд монголын тодорхой тооны охид, хөвгүүд оросын их дээд сургуульд үнэ төлбөргүй, тэтгэлэгтэй сургах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Өнөөгийн байдлаар Монгол Улсад жил тутам 215 хүнд ийм нөхцлөөр сурах эрх олгодог. Орос улсад ийм нөхцлөөр хэрхэн суралцах вэ? Монголын олон залуус энэ асуултанд хариулт авахыг хүсч байгаа байх. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод байхдаа Оросын шинжлэх ухаан, соелын төвийн орлогч захирал Геннадий Ключниковтай энэ талаар ярилцсан юм. Тэрээр ярихдаа: “Орос улсад ийм нөхцлөөр суралцах эрхтэй залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 1990-ээд оны төгсгөлд Монгол Улсаас жил тутам 150 хүн Орос улсад үнэ төлбөргүй суралцахаар ирж байсан. Оросын их дээд сургуульд суралцах оюутнуудыг шалгаруулах Монгол Улсын боловсрол, соел, шинжлэх ухааны яамны комиссийн бүрэлдэхүүнд энэ жилээс Профессор Тамара Бронскийн тэргүүлдэг Оросын шинжлэх ухаан, соелын төвийн Орос хэлний төвийн ажилтнууд анх удаа багтсан. Оросын их дээд сургуульд суралцах залуусын орос хэлний мэдлэгийн түвшинг илүү сайн тогтоох үүднээс тэднийг комиссийн бүрэлдэхүүнд оруулсан. Өнөөгийн байдлаар ОХУ-ын ихэнх их дээд сургуульд бэлтгэх курс байхгүй юм. Их дээд сургуульд суралцахаар ирсэн оюутнууд шууд нэгдүгээр дамжаанд ордог. Монголын залуу үе тодорхой шалтгааны улмаас орос хэл төдий л сайн эзэмшээгүй болох нь нууц биш билээ. Хэл сайн мэдэхгүй бол сурах аргагүй. Тиймээс сонгон шалгаруулах комисс Орос улсад суралцахаар өрсөлдөж байгаа залуустай ярилцахад онцгой анхаарал хандуулсан. Энэ жил маш хатуу журмаар сонгон шалгаруулсныг хэлэх хэрэгтэй. Монголын ажил нэгт нөхөд Оросын шинжлэх ухаан, соелын төвийн орос судлаачдаас бүрдсэн комиссийн ажлыг өндөр үнэлсэн бөгөөд тэд жил бүр энэ комисст ажиллана».
Асуулт: Оросын шинжлэх ухаан, соелын төвийн орос хэлний курст сурч байгаа хүүхдүүд Орос улсад тэтгэлэгээр суралцах эрх авахад давуу тал эдлэх үү?
Г.Ключников: «Оросын талаас Монгол Улсад олгож байгаа тэтгэлэгтэй суралцах 215 эрхээс ердөө 6 Оросын шинжлэх ухаан, соелын төвд олгодог. Орос улсад их дээд сургууль төгсөгчдийн Монголын Холбоонд ийм таван эрх өгдөг. Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын яамны дэргэдэх комисст үлдсэн эрхийг хуваарилдаг. Тэгэхлээр Оросын шинжлэх ухаан, соелын төвийн орос хэлний курст суралцаж байгаа залуус оросын их дээд сургуульд суралцах эрхийн төлөө өрсөлдөх боломжтой гэж үзэж болох нь ээ. Үүний тулд тэд орос хэлний шалгалтаандаа онц дүн авах ёстой. Энэ жил ийм шалгуур тавьсан. Манай хэлний курсыг онц дүнтэй төгссөн зургаан хүүхэд Орос улсад суралцахаар явсан. Бид тэдэнд ийм боломж олгосон. Оросын шинжлэх ухаан, соелын төвийн орос хэлний дамжаа хичээлийн жилийн турш ажиллаж байгааг сануулъяа. Манайд эхлэн сурагчдад, мөн хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулсан дамжаа хичээллэдэг».
Асуулт: Тухайн хүүхэд ямар их дээд сургуульд суралцах нь хэнээс хамаарах вэ?
Г.Ключников: «Комиссийн гишүүд Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхолыг харгалзаад, тухайн хүүхдийн хүслийг бас бодолцдог. Өнөөгийн байдлаар тус улсад уул уурхайн салбар хурдтай хөгжиж байна. Энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Уул уурхайн инженер, геологи хайгуул, эрчим хүч, төмөр замын тээвэр, санхүүгийн салбарт мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байна. Монгол Улсад хангалттай хуульчид бий. Анагаах ухаан болон цэрэг техникийн их сургуульд суралцах хүмүүс тусгай шалгуур хангах ёстой. Тэд тусгай бэлтгэл хангаж, нэмэлт шалгалт өгөх шаардлагатай юм».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>