Манай нэвтрүүлгээр Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд Борис Говоринтай хийсэн ярилцлагыг хүргэе. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Монгол Улсын нийслэлд томилолтоор ажиллахдаа түүнтэй уулзсан юм.
Асуулт: Борис Александрович, Орос улсын ерөнхийлөгч асан В.Путин 2000 оны эхэнд Монгол Улсад айлчилснаас хойш ОХУ, Монгол улсын хоорондын харицлаа эрчимтэй хөгжиж байна. Гэсэн ч бид харилцаагаа сэргээж, хамтын ажиллагаагаа “зөвлөлтийн үеийнх шиг” түвшинд хүргэхийг эрмэлзэж байгаа талаар ярьсаар байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа 1990-ээд оноос суларсныг хэрхэн тайлбарлах вэ?
Б.Говорин: «Манай орны цогц бүтээлч хамтын ажиллагаа 1990-ээд онд туршилт болсон юм. Орос, Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж, биднээс өмнө хэн ч хийгээгүй өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн билээ. Ийм шинэчлэл хийх ямар нэг онол, туршлага байгаагүй. Дотоод ажил хэргийн хүрээ, манай хоёр оронд тулгарсан асуудлын хүрээ зэрэг нь дотоод чиглэлд нэлээд дарамт болж байсан. Асар их тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэг гарсан. Энэ бүх сорил түр зуурын шинжтэй байсныг тэмдэглэхэд таатай байна. Одоо төр засаг, олон нийтийн бүх байгууллагын хүч чармайлт харилцаагаа өмнөх түвшинд сэргээхэд чиглэж байна».
Асуулт: Энэ жил хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн үнэлэх вэ?
Б.Говорин: «Манай хоёр орон энэ оны эхний хагаст харилцаагаа дээд түвшинд бэхжүүлснийг тэмдэглэхэд таатай байна. Ахар хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, ерөнхий сайд С.Баяр, мөн ОХУ-д айлчиллаа. Мөн ОХУ-ын аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Соболев, Орос улсын Батлан хамгаалахын сайд Сердюков, Росатом корпорацийн ерөнхий захирал Кириенко нар Монгол Улсад тус тус айлчлав. Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр Орос улсын хил орчмын нутгуудад айлчилсан бол Буриадын бүгд найрамдах улс, Эрхүү мужийн хууль тогтоох хурлын удирдлага Монгол улсад албан ёсны ажлын айлчлал хийв. Энэ бүхэн манай хоёр орон цаг алдалгүй хоёр орны харилцааг сэргээхийг чармайж байгааг илтгэж байна».
Асуулт: Ойрын ирээдүйд хамтарсан ямар ажил хийх вэ?
Б.Говорин: «Ирэх жил хоёр чухал ой тэмдэглэнэ. Улаанбаатар төмөр зам компанийн 60 жилийн ой, зөвлөлт-монголын цэрэг Халхын голд ялалт байгуулсны 70 жилийн ой юм. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр нар энэ оны 5-р сард Москвад уулзахдаа энэ түүхэн үйл явдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн юм. Монгол Улсын ерөнхийлөгч улс орон даяар энэ баярыг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах хороог өөрийн биеэр тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн билээ. Тэрээр Д.Медведевийг ойн арга хэмжээний үеэр Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьсан юм. Орос улсын удирдлага ийм шийдвэр гаргана гэж би найдаж байна. Монгол Улсын манлай үйлдвэр зөвлөлт, монголын мэргэжилтнүүдийн хүчээр барьж байгуулсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг ашиглалтад өгсний 30 жилийн ойг бид энэ оны 10-р сард тэмдэглэнэ».
Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайд Борис Говоринтай хийсэн ярилцлагыг хүргэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-ын элчин сайдыг саяхан хүлээн авч уулзахдаа, 2009 оны 8-р сард Халхын Голын ялалтын 70 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх зарлиг гаргасан тухай мэдэгдсэн юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд монгол-оросын ажил хэргийн 2 дахь форум зохион байгуулах тухай Орос улсын элчин сайдын тавьсан саналыг ерөнхийлөгч мөн дэмжсэн билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>