Орос улсын парламентын доод танхим Төрийн Думын дэд дарга Валерий Язев “Оросын дуу хоолой” радиод ийм байр суурь илэрхийлэв. Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ирээдүй нь Аж үйлдвэрийг хөгжүүлэх өргөн боломж, эрдэс түүхий эдийн ер бусын баазтай Алс Дорнодтой холбоотой билээ. Орос улсын хойд хэсэгт байгуулагдаж, хөгжиж байгаа хийн тээврийн системийг одоо ажиллаж байгаа хий нийлүүлэх нэгдсэн системд нэгтгэсний дараа Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд гарах экспортын ерөнхий суваг байгуулах боломж олгоно. Үүний зэрэгцээ Алс Дорнод одоо хэрэгжиж байгаа, санхүүжилт их шаардсан эрчим хүчний төсөл, мөн ойрын ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөлд хөрөнгө оруулах өргөн боломжийг гадаадын бизнест олгож байна гэж Валерий Язев үзэж байна. «Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээний зарчимд хэрэгжүүлж байгаа Сахалин-1, Сахалин-2 томоохон төслөөс эхэлье. “Сахалин-2” төслөөр Сахалин арлын өмнөд хэсэгт жилд 10 сая орчим тонн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Дорно Сибирь-Номхон далайн гол шугамын нефть хоолой нь өнөөгийн байдлаар Орос улсын хөрөнгө оруулалтын томоохон төслийн нэг юм. Дорно Сибирь, Алс Дорнодод эрчим хүч нийлүүлэх нэгдсэн систем байгуулах, Хятад болон Азийн бусад оронд нефть экспортлох, 80 сая тонн нефть тээвэрлэх асар том тулгуур төсөл юм. Энэ төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 150 тэрбум доллар. “Алтай” хийн хоолой барих төсөл их ирээдүйтэй билээ. Энэ хоолойгоор баруун Сибирийн орд газраас Хятадын баруун хойд хэсгийн нутагт хий дамжуулна». Алс Дорнодын эдийн засгийн янз бүрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын өсөлт ажиглагдаж байна гэж Төрийн Думын эдийн засгийн бодлого, бизнесийн асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Владимир Головнев “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа энэ тухай тэмдэглэв. «Мэдээж хэрэг энэ нь юуны түрүүнд гол шугамын хоолой, автомашины зам тавих, нисэх буудал барих зэрэг дэд бүтцийн төсөл юм. 2012 онд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болох Владивостокийн Алтан Рогийн тохойгоос Русский арал хүртэл гүүр барих төсөл их сонирхол татаж байна. Хөрөнгө оруулагчид нийгмийн объектын барилгад түлхүү анхаарал хандуулаасай гэж би хүсч байна» гэлээ. Алс Дорнодын форум нь Орос улс Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай бүс нутгийн хамтын ажиллагааны чухал асуудлыг хэлэлцэх уламжлалт талбар болсон юм. Энэ уулзалтад орос улсын томоохон улс төрч, дотоодын болон гадаадын бизнесийн төлөөлөгчид оролцсоноор олон талын яриа хэлэлцээг хөгжүүлэх харилцан сонирхолтой байгааг илэрхийлж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>