Казахстаны нийслэл Астана хотод болсон “Трансеврази-2008” олон улсын форумд оролцогчид үндэсний тээврийн системийг хөгжүүлэх төлөвийг хэлэлцлээ. Мая Агибаева дэлгэрэнгүйг хүргэнэ. Зөвлөлгөөнд оролцогчид хөрөнгө оруулалтын боломж юуны түрүүнд худалдааны шинэ маршрут, тээврийн дэд бүтэц, бэлтгэн зохион байгуулах ажил зэргийг хөгжүүлэх ТУХН-ийн орнуудын хөрөнгө оруулах боломжийг үнэллээ. “Баруун европ-баруун Хятад” тээврийн хонгилын олон улсын статусыг тодорхойлоход онцгой анхаарал хандуулав. Энэ төсөлд Орос, Казахстан улсаас гадна Хятад, Иран, Монгол, Пакистан, Литва улс оролцож байгаа. “Европ-Орос-Казахстан-Хятад” автомашины замд цөөн орныг дайран өнгөрдөг учраас Хятадаас Европ хүрэх хамгийн дөт зам юм. Энэ хонгилын автомашины нийт зам 8445 км бөгөөд Казахстаны нутагт 2787 км зам үргэлжилж байна. Төсөл 7 тэрбум долларын өртөгтэй юм. Казахстаны тээврийн цогцолбор Европ, Азийн тээврийн гүүр болж байгаа улс орны газар зүйн стратегийн байршлын давуу талыг ашиглахад бэлэн байна. Үүнтэй холбогдуулан тус бүгд найрамдах улсын удирдлага энэ хонгилын зохион байгуулалтын асуудлаарх олон улсын гэрээ байгуулах боломжийг судлахыг сонирхогч талуудад санал болгосон юм. Казахстан тээврийн өргөн хүрээтэй стратегийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд улс орон төмөр зам, автомашин, агаарын, тэнгисийн усны хоолойн төрлийн тээвэрийг хамруулах бодолтой байна. Худалдаа, харилцааг хөгжүүлэхэд тээврийн шугам гол үндэс нь болно хэмээн Казахстаны тээвэр харилцаа холбооны сайд Серик Ахметов үзэж байна. “Бид тээврийн салбарт дэд бүтцийн 56 төсөл хэрэгжүүлж эхлээд байна. 2015 он хүртлэх стратегийн хүрээнд 30 тэрбум орчим долларын өртөгтэй 80-аад том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай орнуудын интеграцчилалын гол зорилт нь бүх төрлийн тээврийн хэрэгслийг бүс нутгийн хэмжээнд нэгтгэх, холбогдох дэд бүтцийг тээврийн интеграцчилагдсан нэгдсэн системд нэгтгэх явдал юм”. Казахстаны бүгд найрамдах улс “Европт хүрэх зам” тусгай хөтөлбөр боловсруулсан юм. Тээврийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Казахстан, Европын Холбооны орнуудын тээврийн харилцааг хөгжүүлж, бэхжүүлэх, тээврийн нэгдсэн дэд бүтцийн үндсэн дээр зорчигч, ачаа, тээврийн хэрэгсэл чөлөөтэй зорчиход тээврийн үйлчилгээг хангах нөхцлийг бүрдүүлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>