Энэ сарын ажлын үндсэн арга хэмжээ Улаанбатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордонд болно. Энэ төвийн түүх болоод өнөөгийн байдлын талаар манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ордоны орлогч захирал Геннадий Ключниковтай ярьжээ. Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ордоныг 1976 онд Улаанбаатар хотод байгуулсан юм. Урьд энэ ордонг ЗХУ болон БНМАУ-ын засгийн газрын хооронд байгуулсан тусгай хэлэлцээрийн дагуу нээсэн зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон гэж нэрлэж байсан юм. Манай төвийн 30 жилийн ойг бид хоёр жилийн өмнө тэмдэглэсэн. Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордоны хаалганы хэсэгт манай ард түмнүүдийн найрамдалыг бэлэгдсэн гар барьж байгааг чулуун дээр сийлсэнийг Монгол Улсын нийслэлийн бараг бүх оршин суугчид мэднэ. Сүүлийн жилүүдэд энэ ордон улаанбаатарчуудын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болоод байна.
Асуулт:Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ордоны үндсэн зорилго, зорилт нь юу вэ?
Г.Ключников: «Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордон манай хоёр орны ард түмний хооронд хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх, Оросын ард түмний үндэсний соёл болоод шинжлэх ухаан, техник, боловсролын салбарт гаргасан ололт амжилтыг Монголын ард түмэнд таниулахад онцгой анхаарал хандуулж байна. Манай төвд ирсэн хүн бүр үзэсгэлэнгийн танхим, кино театрт Орос улс, орос-монголын харилцаа, манай хоёр орны ард түмний дурсгалт өдрүүдэд зориулсан янз бүрийн үзэсгэлэн, кино, эрдэм шинжилгээний хурал, семинар зэрэг тогтмол болдогийг мэдэх биз ээ. Бид гэрэл зураг болон номын үзэсгэлэнг тогтмол зохион байгуулдаг».
Асуулт:Танайд байгуулагдаад олон жил болж байгаа орос хэлний төвийг Улаанбаатарчууд сайн мэддэг гэж би бодож байна….
Г.Ключников: «Орос хэл үзэж байгаа монгол иргэдийн дунд бид үнэхээр их ажил өрнүүлж байна. Хэл бичгийн ухааны эрдэмтэн Тамара Бронская орос хэлний төвийг удирддаг. Монголын орос судлаачдыг орос хэл заах орчин үеийн арга барилтай танилцуулдаг арга зүйн зөвлөлгөө өгдөг. Орос хэл заадаг монгол багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Монгол сургуульд орос хэл заах хөтөлбөр боловсруулахад тус төв мөн хувь нэмэр оруулдаг. Жил бүр бидний зохион явуулдаг орос хэлний баяр, олимпиадыг олон хүн мэдэх билээ».
Асуулт: Та бүхэнд хэн тусалдаг вэ? Танай төв дангаараа ийм их ажил явуулахад бэрх байх.
Г.Ключников: «Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордон нь Монголын найрамдалын нийгэмлэгийн холбоотой хамтран ажилладаг. Мэдээж хэрэг бид Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам, Улаанбаатарт орших Эрхүү, Новосибирск муж, Буриадын бүгд найрамдах улсын төлөөлгчийн газартай нягт хамтран ажиллаж байна. “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцтай бид олон жил хамтран ажиллаж байна. Бид асуулт хариултын уралдаан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зэргийг зохион явуулж байна. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол энэ оны зун Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордонд болсон. Өнөөгийн байдлаар бид “Оросын дуу хоолой” радиотой хамтран шинэ төсөл бэлдэж байна. Энэ оны төгсгөлд Халхын Голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан болно».
Асуулт: Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордон орос-монголын найрамдалын сарын ажлыг Монголд зохион байгуулагчдын нэг. Найрамдалын энэ баяр ямар агуулгатай вэ?
Хальс
Г.Ключников: «Энэ жил бид найрамдалын 48 дахь сарын ажлыг зохион байгуулна. Оросын ард түмний соёл, Орос улсын бүх салбарт гаргасан ололт амжилтаас монгол анд нөхөддөө танилцуулах уламжлалт баяр юм. Сарын ажил Улаанбатар хот төдийгүй Монгол улсын хэд хэдэн аймагт болно. Бид Хэнтий, Архангай аймаг, Өмнөговь аймагт очиж байсан. 10-р сарын эхний баасан гаригт эхлэх найрамдалын сарын ажлыг зохион явуулах газар зүйг энэ жил өргөжүүлнэ хэмээн найдаж байна. Уламжлал ёсоор Орос улсын нэг бүс нутгаас жүжигчид хүрэлцэн ирнэ. “Орос хэл” уламжлалт хөтөлбөр байна. Монголын дунд сургуулиудын сурагчдын орос хэлний мэдлэгийг шалгах тэмцээн уралдаан, орос хэлний багш нарын дунд семинар, оросын хөгжмийн зохиолчдын дууны наадам зэргийг зохион явуулна». Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ордоны орлогч захирал Геннадий Ключниковтой хийсэн ярилцлагыг хүргэлээ. Өнөөгийн байдлаар орос монголын найрамдалын 48 дахь сарын ажлын нээлт, мөн Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан концерт 11-р сарын 3-нд 16 цагаас Оросын шинжлэх ухаан, соёлын төв ордонд болох нь тодорхой байна. Энэ өдөр тус төвийн танхимд Алтайн хязгаарын зураачийн үзэсгэлэн гарна. Сарын ажлын хүрээнд Татарстаны бүгд найрамдах улсын ардын урлагийн улсын ансамбль, Читын “Өвөрбайгалийн хээ” уран сайхны хамтлагийн тоглолт болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>