Пхеньян америкийн “терроризмыг дэмжигч улс орны” жагсаалтаас гарах хүсэлт тавих бодлогүй байна. БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр тус улс плутони үйлдвэрлэх боломжтой реакторын ажлыг сэргээх бодолтой байна. Манай тоймч Леонид Кричевскийн тайлбар хүргэнэ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах тухай хэлэлцээний нэг нөхцлийг зөрчин АНУ терроризмыг дэмжигч улс орны жагсаалтаас БНАСАУ-ыг хасаагүй тул БНАСАУ 8-р сарын 26-нд цөмийн объектоо жагсаалаас гаргах ажлаа зогсоохоо мэдэгдсэн юм. Үүнээс хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах үйл явц хүндэрснийг радио сонсогчиддоо сануулъяа. АНУ үүргээ биелүүлэхэд тун ойрхон байсан юм. Вашингтон энэ асуудлыг хэлэлцэх өдрийг хүртэл товлосон байлаа. АНУ-ын конгресс 7-р сарын 11-нд энэ асуудлыг албан ёсоор хэлэлцэх ёстой байсан юм. БНАСАУ үүргээ чанд биелүүлсэн болохоор ийм алхам хийх нь аргагүй билээ. Тус улс шинэчилсэн болон нэмж байгуулсан цөмийн объектын жагсаалтыг зургаан талын хэлэлцээнд хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Гэсэн ч АНУ өргөн барьсан мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах шинэ систем байгуулахтай холбоотой нэмж шаардлага тавьсан байна. Эцсийн дүндээ Вашингтон БНАСАУ-ыг терроризмыг дэмжигч улс орны жагсаалтаас гаргах шийдвэрээ дахин хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл солонгосын хойгийн асуудлыг зохицуулах хүч чармайлт байрнаасаа хөдлөөгүй гэж хэлж болно. Энэ тохиолдолд АНУ-ын үзэж байгаагаар асуудлыг зохицуулах үйл явцыг тасалдуулсан буруутан БНАСАУ болж байна. Яриа хэлэлцээний түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг сэргээх талаар сүүлийн үед Вашингтоны дэвшүүлсэн санал нь БНАСАУ-ыг эрс буруутгасан, тодорхойгүй, үр нөлөөгүй шинжтэй байсан юм. Эцсийн дүндээ Пхеньян энэ бүхэнд залхаж, АНУ-ын амлалт, солонгосын цөмийн асуудлыг зохицуулах үйл явцыг улам мухардалд оруулж байгаа хуурамч бодлогоос цаашид хамаарах бодолгүй байгаагаа харуулахын тулд ийм эрс шийдвэр гаргасан байна. Пхеньяны хийсэн энэхүү мэдэгдлээс Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах үйл явц унах дөхжээ гэж ойлгож болохгүй. Тус улс зургаан талын яриа хэлэлцээг өндөрлөх бодолтой байгаа талаар ганц ч үг дурсаагүй. Үүний зэрэгцээ БНАСАУ зургаан талын яриа хэлэлцээнд оролцогч бүх түншид хүндэтгэлтэй хандаж, эдгээр орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан юм. Нэг талын шийдвэр, өөрийн хүслээ тулгахгүй байхыг хүссэн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>