Роспотребнадзорын тэргүүн Геннадий Онищенко энэ тухай Интерфакс агентлагт уламжлав. Хятад улсад үйлдвэрлэж байгаа хуурай сүүнээс хүүхэд эндсэн мэдээлэл хятадын болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байна. Хятадаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг хэд хэдэн орны ариун цэвэр-тахал судлалын байгуллага үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Хуурай сүүнээс хүүхэд эндсэн тохиолдол хараахан бүртгэгдээгүй ч, Орос улс дээрх орны тоонд багтаж байна. Хятад улсад үйлдвэрлэсэн хүүхдэд зориулсан хуурай сүүг бусад оронд экспортолж байгаагүй аж. Уг бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулсан байж болох талтай. Үүнтэй холбогдуулан Роспотребнадзор бүс нутгийн байгууллага, гаалийн байгууллагад ОХУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар аюултай бүтээгдэхүүн оруулахаас сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов. Нөхцөл байдал үнэхээр онц түгшээж байна. Хятад улсын нутаг дэвсгэрт шээсний чулууны өвчний 13 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, дөнгөж төрсөн болон 3 хүртлэх насны 4 хүүхэд нас баржээ. Энэ бүх тохиолдолд хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн хуурай сүү хэрэглэсэн аж. Хятадын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг бүтээгдэхүүн будагч бодист ашигладаг меламин, химийн бодист муудсан байна. Сүүн бүтээгдэхүүнтэй холбоотой шуугиан Хятад улсад үргэлжилсээр байна. Зах зээлийн энэ хэсэгт ажилладаг гурван том компанийн бүтээгдэхүүн меламин агуулж байгааг шалгалтаар тогтоожээ. БНХАУ-ын дарга Ху Зиньтао олон хүүхэд өвдсөнтэй холбогдуулан хятадын түшмэд муу ажиллаж байгааг саяхан шүүмжилсэн юм. Хятадын төрийн тэргүүн болсон үйл явдалд дүгнэлт хийхийг түшмэд, албан хаагчиддаа уриалсан байна. Зарим удирдагч ард түмэнд тулгарсан бэрхшээлд зохих ёсоор анхаарал хандуулдаггүй, хүн амын аюулгүй байдлыг хангах асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхгүй байгааг болсон үйл явдал харууллаа хэмээн Ху Зиньтао хэлжээ. Өнөөгийн байдлаар Хятад улс сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, зохих стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах кампанит аяныг улс даяар өрнүүлжээ. Мэдээж хэрэг болсон үйл явдлаас үүдээд гадаадын тодорхой хүчин хятадын бүх бараа таваарын чанарыг сүүдэртүүлэх нь гарцаагүй. Олон улсын хамтын нийгэмлэг энэ үйл явдлаас тэс өөр сургамж авбал зохилтой. Дэлхий ертөнц илүү харилцан хамааралтай болсон энэ нөхцөлд хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Хятад улс эмгэнэлт үйл явдлын хор уршгийн талаар нуун дарж, үүнийг багасгахыг оролдоогүй нь чухал юм. Хятад улсын эрүүлийг хамгаалах яам үйл явдлыг зохицуулах арга хэмжээний талаар Дэлхийн эрүүлийг хамгаалах газарт бүх талын мэдээлэл өгсөн. Сүүн бүтээгдэхүүнийг шалгах хатуу систем нэвтрүүлэх тухайд Бээжин ДЭМБ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>