Якутын “Ленскийн багана” байгалийн цэцэрлэгт хүрээлэн хэд хэдэн шалгуураар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад багтахаар нэр дэвшлээ. Дэлхийн ертөнцийн түүхийн бүх үе шатын баримтыг энэ ер бусын объект хадгалсан байна. Геологийн эрт дээр үед энэ ер бусын цэцэрлэгт хүрээлэн халуун уур амьсгалтай тэнгисийн ёроолд оршиж байжээ. Мөсдөлтийн эрин хүртэл Лена мөрний дундаж урсгалын дагуу арслан заан, үсэрхэг хирс, америк сарлаг, зэрлэг адуун сүрэг бэлчиж байсан зах хязгааргүй тал үргэлжилж байв. Байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны бүлэг шинжээч оросын өргөдлийг авч үзэх эхний шатанд Ленскийн баганаар аялжээ. Тэд 485 мянган га газар нутаг бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дээгүүр нисдэг тэргээр нисч, 500 гаруй сая жилийн настай асар том чулуун асга, бусад ховор зүйл тухайлбал хүмүүс суурьшсан эртний газрын нэг Диринг-Юрийн зогсоол, ойн бизоны үр удмыг сонирхосон байна. “Ленскийн багана” үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО-ийн жагсаалтад оруулах бодит боломж Якутид байна хэмээн шинжээчдийн бүлгийн ахлагч Дэвид Шеппард аялалын төгсгөлд хэлсэн юм. Түүний хэлснээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн гайхалтай сайхан байгалтай, иймэрхүүй объектод тавьдаг геологи, гоо сайхны шалгуурт хангаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь нэрлэдэг Ленскийн багана нь эгц өндөр хад асга юм. Хэдэн сая жилийн турш ус, мөс, салхи Сибирийн Лена их мөрний эргийн толгодын шохойн чулуулгийг хэрчиж, хэдэн арван км үргэлжлэх гайхалтай чулуун баганыг бий болгожээ. Орос улс болон гадаадын хэдэн мянган жуулчин 200 метр хүртлэх аварга чулууг өөрийн нүдээр үзэхээр жил бүр Якутад хүрэлцэн ирдэг. Ленскийн баганаас гадна цэцэрлэгт хүрээлэнд ер бусын гайхалтай олон объект байдаг гэж сурагчидын хамт зун Якутад очсон Москва хотын түүхийн багш Ирина Михайлова ярьж байна. «Энэ газар эрт дээр оршин сууж байсан хүмүүсийн зурсан хад асгын олон зураг бий. Бараг ургамал гэх юмгүй элсэн манхан үнэхээр гайхалтай. Якутын ой тайгын дунд орших жинхэнэ цөл арал гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ». Ленскийн баганын өргөдлийн эхнийг шатыг авч үзлээ. Шинжээчид үндэсний цэцэрлэгт хүрээлэнд техникийн үнэлгээ хийлээ. Якутын бүгд найрамдах улсын удирдлагын ЮНЕСКО-д өргөн байрьсан “Ленскийн багана” илтгэлд дэлхийн шилдэг эрдэмтдийн дүгнэлтийг оруулна. Үүний дараа 2009 оны 6-р сард байгаль орчныг хамгаалах олон улсын холбооны зөвлөмжөөр Севильед болох дэлхийн өвийн асуудал хариуцсан хорооны тусгай хуралдаанд Ленскийн баганыг дэлхийн өвийн санд багтаах асуудлыг шийдэнэ. Өнөөгийн байдлаар энэ жагсаалтад 200 гаруй объект багтаснаас 8 нь Орос улсын нутаг дэвсгэрт байна. ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн статустай болсноор олон улсын харилцааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг татаж, ажялал жуулчлалыг хөгжүүлж, эрдэм шинжилгээний судалгааг гүнзгийрүүлнэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>