Афганистан дахь америкийн командлал талибуудын эсрэг явуулсан цэргийн ажиллагааг пакистаны нутаг дэвсгэрт шижлүүлж, Пакистанд шаардлагагүй дайн дэгдээхийг тууштай оролдсоноос Пакистаны армийн цэргийн командлал ийм тушаал өгсөн бололтой. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш АНУ-ын арми Пакистаны нутаг дэвсгэрт газар дээрх ажиллагаа явуулахыг долдугаар сард сайшаасан тухай америкийн дээгүүр тушаалын хүний ярьсныг Нью-Йорк Таймс сонин хэсэг хугацааны өмнө мэдээлсэн билээ. Америкийн цэргийн командлал энэ үйлдлийн талаар Пакистаны засаг захиргаанд мэдээлж, тэднээс зөвшөөрөл авахгүй хэмээн нийтлэлд дурдсан байна. Америкийн командлал 9-р сарын 3-аас пакистаны нутгийн гүнд тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Тэд пакистаны нутаг дэвсгэрт нуугдаж байгаа Аль-Каида бүлгийн гишүүдийг устгахаар тусгай ажиллагаа явуулсны дүнд хүүхэд, эмэгтэйчүүд тэргүүтэй энгийн хүмүүсийн аминд хүрсэн юм. Афганистан дахь америкийн цэргийн командлалын энэ ажиллагааг пакистаны удирдлага, арми эрс эсэргүүцэж, эгдүүцжээ. Тэднийг үл хайхран америкчүүд даваа гаригт Өмнөд Вазиристан мужийн Ангор Аддын дүүрэгт цэргийн шинэ ажиллагаа явуулахыг оролдсон юм. Америкийн тусгай ангийнхны долоон нисдэг тэрэг пакистаны хилийг давахыг оролдсон ч, пакистаны цэргийнхэн сэрэмжлүүлэх гал нээж хөөсөн байна. Одоо энэ мэт үйлдэл дахин давтагдавал пакистаны арми шууд онилж буудах тушаал өгчээ. Бидний бодож байгаагаар энэ нь америкчүүдийг сэхээрүүлж, тэд тусгаар тогтносон, сайн сургасан зэвсэгт арми, цөмийн зэвсэгтэй улстай сөргөлдөж болохыг анхааруулах юм. АНУ-ын Зэвсэгт хүчний дарга нарын штабын хорооны тэргүүн Майкл Маллен Пакистанд гэнэт айлчилжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр америкийн адмирал Пакистаны иргэний болон цэргийн удирдлагатай уулзахаар тус улсад ирсэн байна. Эдгээр яриа хэлэлцээний дэлгэрэнгүй одоогоор мэдэгдэхгүй байна. Америкийн адмирал пакистаны нутаг дэвсгэрт америкийн цэрэг чөлөөтэй үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тус улсын удирдлагаас хүссэн байж болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. АНУ Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн үеээс Вашингтон ийм арга хэмжээ авч байна. Пакистаны удирдлага, арми урьдын адил энэ боломжгүй хэмээн үзэж байгаа юм. Пакистаны удирдлага Вашингтоны ийм шаардлагыг улс орны тусгаар тогтнолд халдаж байгаа хэрэг гэж үзэж байна. Пакистаны шинэ ерөнхийлөгч Асиф Али Зардари Лондонд болсон яриа хэлэлцээний үеэр энэ тухай мэдэгдэв. Афганистанд тархасан америкийн цэргийг Пакистаны нутагт оруулснаар Исламабад болон Вашингтоны санал зөрөлдөөн улам ихсэж, хоёр орны терроризмын эсрэг хүч чармайлтыг сулрахыг Вашингтонд итгүүлэхийг тэрээр Британийн ерөнхий сайд Гордон Браунд уриалсан юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>