“Улаанбаатарын төмөр зам” зөвлөлт монголын хамтарсан хувьцаат нийгэмлэг 1949 онд байгуулагдсан юм. Улс орны зүүн хойд хэсэгт цэргийн зориулалттай нарийн царигийг эс тооцвол тэр үед төмөр зам гэж бараг байгаагүй Монгол Улсыг Сибирьтэй гол шугамаар холбоход чиглэж байлаа. Энэ үеээс хойш Улаанбаатар төмөр замд асар их өөрчлөлт гарсан. Хятадын хил хүртэл төмөр зам тавьсан. Энэ төмөр замаар оросын төдийгүй, монголын зорчигч тээврийн галт тэрэг тогтмол явж байлаа. Энэ мөрүүдийг бичиж байгаа хүн Улаанбаатар төмөр замын галт тэргээр нэг бус удаа зорчиж, үйлчилгээний чанарын талаар өндөр сэтгэгдэлтэй үлдсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам төмөр зам хуучирч байна. Төмөр замын зарим хэсгийг хараахан цахилгаанжуулаагүй байгаа. Зарим газар ердөө нэг цариг байдаг тул галт тэрэг зөрлөг дээр сул зогсоход хүрдэг байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Баяр болон “Оросын төмөр зам” компанийн тэргүүн Владимир Якунин нар энэ асуудлыг хэлэлцэнэ. Гол шугамыг хөгжүүлэх багц санал бэлтгэх, хөрөнгө оруулалтыг татах үндэслэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан тухай Монгол Улсын ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдэгдэв. “Оросын төмөр зам” компани Монгол Улсын ашигт малтмалын орд газар хүртэл төмөр зам барих, Наушкаас Хятадын хил хүртлэх шугамыг сайжруулах тухай Владимир Якунин мэдээллээ. БНХАУ энд хөрөнгө оруулбал илүүдэхгүй л дээ. Ямар ч тохиолдолд Улаанбаатар төмөр зам удахгүй орчин үеийн хэмжүүрээр ажиллана. Төмөр замын тээврийн салбарт ОХУ болон Монгол Улс хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүйн талаар “Оросын дуу хоолой” радиогийн тайлбарыг хүргэлээ.

Орчуулагч Г.Нарангарав