Foto http://www.orientalstudies.ruЯруу найрагч, зохиолч, хэл бичгийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн 100 жилийн ой 9-р сарын 14-нд боллоо. Ц.Дамдинсүрэн гуай өнгөрсөн зууны Монгол Улсын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг төдийгүй Орос улсын их анд байсан билээ. Түүний эрдэм шинжилгээний болон хувийн амьдрал нь Орос улстай олон талаар холбоотой байв. Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулж түүний 100 жилийн ойн босгон дээр Оросын шинжлэх академийн “Дорно дахины уран зохиол” хэвлэлийн газраас “Цэндийн Дамдинсүрэн: мэндэлсний 100 жилийн ой” ном хэвлэгдэн гарлаа. Их эрдэмтний охин, нэрд гарсан монгол судлаач Анна Цэндина номыг зохиожээ. Энэ өдрүүдэд Анна Цэндина гурван анхынхаа хамт эцгийнхээ төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд байна. Тэрээр Монголыг зорихын өмнө эцгийнхээ тухайн номын талаар ийнхүү ярьсан юм: «Оросын дорно дахины судлаач эрдэмтэн, Ц.Дамдинсүрэн нарыг их нөхөрлөл, эрдэм шинжилгээний нягт хамтын ажиллагаа холбож байв. Аав маань 1930-аад онд Ленинград хотод сурч байгаад 1946 онд Орос улсад апирантурт сурч, дэд эрдэмтний диссертацаа хамгаалсан юм. Тэрээр Орос улсад эрдэмтэн болсон. Тэрээр эрдэм шинжилгээний эрэл хайгуулаа монгол хэл бичиг, 17-18 зууны уран зохиолыг судлах, энэтхэг-төвд монголын харилцаанд зориулсан юм. Тэрээр Ленинград хотын дорно дахины гар бичмэлийн баян агуулахад их ажиллаж, Москвагийн эрдэмтэдтэй нягт холбоотой байв. Тиймээс түүний 100 жилийн ойд зориулсан номыг тохиолдлоор Орос улсад хэвлэсэн биш юм. “Дорно дахины уран зохиол”, номыг бүтээхэд ажиллаж, миний эцгийг их хүндэтгэж буй тухай өгүүлсэн шилдэг нийтлэлээ өгсөн зохиогчдод би талархал илэрхийлмээр байна. Ц.Дамдинсүрэнгийн өөрийнх нь хэд хэдэн ажил номонд орсон байгаа. Юуны түрүүнд аав маань амьдралынхаа сүүлийн жилүүдэд ажилласан аз жаргалын орон Шамбалын тухай домгийн үүсэл гарлын асуудлатай холбоотой томоохон нийтлэл байгаа юм. Энэ нийтлэлийг орос хэлээр анх удаа хэвлэсэн. 18 зууны төвдийн хэл бичгийн эрдэмтэн Ажа-йонзина Янжан-Гави-Лодойн үйл ажиллагаанд зориулсан бас нэг нийтлэл байгаа юм. Цэндийн Дамдинсүрэнгийн ажил нэгт нөхөд, монгол судлаач эрдэмтэн нарын монголчуудын бичгийн уламжлал, аман болон уран зохиолын өвийн асуудлаарх нийтлэлээс бүрдсэн нэг бүлэг байгаа. Үүнээс гадна номонд захидал, өдрийн тэмдэглэл, Ц.Дамдинсүрэн өөрийн үзэл санаагаа батлахад ямар их хүч чармайлт гаргаж, дарамтанд орж байсан, ямар эсэргүүцэлтэй тулгарч байсан зэргийг илтгэх захидал, өдрийн тэмдэглэл зэрэг архивын материал, баримт сэлтийг номонд оруулсан юм. Номын бүхэл бүтэн нэг бүлэг 1968 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн Орос-Монгол толины тухай юм. Энэ толийг хүн бүр сайн мэддэг бөгөөд оросын монгол судлаач, орос хэлтэй монголчууд толь бичгийг өнөө хир ашиглаж байна. Энэ ээдрээтэй түүх. Цэндийн Дамдинсүрэн толь бичгийн хоёр дахь ботинд Монголын мянган жилийн түүхийн он дарааллын хүснэгтийг оруулсан юм. Энэ бол түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим, эрдэм шинжилгээ, лавлагааны чухал ажил байсан юм. Хоёр боть толь бичгийг 35 мянган ширхэгийг хэвлэлтээс гарсны дараахан худалдаанаас хураан авсан юм. Энэ хүснэгийг хортой хэмээн зарлаж, устгасан юм. Хүснэгтэд буддын шашны үйл хэрэг, Чингис хааны үр сад, хятадын он тооллыг ашигласанд намын удирдагчид дургүйцэж, монголчуудын хувьсгалт түүх, социалист соёлд хангалттай анхаарал хандуулаагүй гэж үзсэн байна. Эцгийг маань хүчтэй шүүмжилж, эрдэм шинжилгээний томилолтоор ажиллаж байсан Ленинградаас дуудсан юм. Төрөөс шүүх хурал зохион байгуулж, хүснэгт хэвлэсэн мөнгө төлөх үүрэг өгсөн. Дамдинсүрэн гуйн хувьд хүнд жилүүд байв. Номонд эрдэмтний энэ үеийн амьдралыг өгүүлсэн материалыг оруулсан. Тухайлбал Бүгд найрамдах молнгол ард улсын Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд эрдэмтний хэлсэн үгийг оруулсан юм. Эцгийн маань орос анд нөхөд, ажил нэгт нөхөд тухайлбал Марк Гольман, Клара Яцковский, Зоя Касьяненко, Зоя Рубанцева болон бусад анд нарынх нь дурсамж номонд орсон. Эхнэр Любовь Владимировна Зевины дурсамжийг мөн нийтэлсэн. Тэрээр Ленинградын их сургуулийн монгол хэл бичгийн ангийг дүүргэсэн юм. Мөн дөрвөн хүүхдийнх нь дурсамж бас орсон. Номын эхэнд Цэндийн Дамдинсүрэнгийн өөрийнх нь бичсэн намтар байгаа».
Оросын нэрд гарсан монгол судлаач Анна Цендина “Дорно дахины уран зохиол” Москвагийн хэвлэлийн газраас саяхан гарсан номын талаар ярилаа. Монголын эрдэмтэн, яруу найрагч, хэл бичгийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн 100 насын ойг тохиолдуулан энэ номыг хэвлэжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>