Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу? Оросын дуу хоолой радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг явж байна. Орос улсад байгаль, ургамал, ан амьтныг хамгаалах арга хэмжээний талаар өгүүлсэн нэвтрүүлэг их сонирхол татаж байна хэмээн Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав нар захидалдаа бичжээ. Алтайн Укокийн тал нутгийг хэрхэн аврахыг оролдож байгаа талаар өнөөдөр бид та бүхэнд хүргэнэ. Алтайн экологичид Орос, Монгол, Хятадын гурван орны хил дээр орших Укокийн үзэсгэлэнт тал нутгаар дамжуулан Хятадад хийн хоолой барихтай холбоотой үр дагаврыг судлав. Тэдний бүрэлдэхүүнд Франц, Германы сэтгүүлчид багтсан юм. Ямар газар, ямар нөхцөлд хоолой дайрч өнгөрөхийг тэд сонирхож байв. Энэ аялал цэвэр экологийн шинжтэй байсан юм. Алтайд Укок гэгч үзэсгэлэнт газар байдгийг дэлхийн улс орнууд мэднэ. Укок онгон байгалтай, хатуу ширүүн уур амьсгалтай. Долдугаар сард шөнөдөө тэг градусаас илүү гардаггүй. Өвөлдөө хасах 40 хэм хүрч, ширүүн салхилдаг байна. Хүн хар үл харагдах энэ газар шувууд маш их нутагладаг. Энд тас, бүргэд, шонхор, чулуун нугас, олон гол нууранд өрөв тас, хун шувууд байдаг. Энд ирвэс нутагладаг. Хятад улс ирвэс нутагладаг газар хийн хоолой тавихгүй хэмээн мэдэгдсэн юм. Ховор төрлийн жигүүртэн нутагладаг тул Орос улсын шувууны нийгэмлэг Укокийн тал нутгийг онгон байгальтай хэвээр байлгах бодолтой байна. Энэ гайхалтай газар нутгийн 100 метрээр хязгаарласан хэсэгт хүнд техникээр их барилгын ажил өрнүүлэхээр төлөвлөж байна. Энэ тохиолдолд шувууд диваажингаа орин одох нь гарцаагүй. Хийн хоолой барьсан тохиолдолд уур амьсгал өөрчлөгдөнө хэмээн экологичид ярьж байна. Тэд жинтэй баримт дурдаж байна. Өнөөгийн байдлаар Укокт очиход төвөгтэй. Энэ нь байгалийг аварч байна. Хоолой тавибал хажууд нь гарцаагүй зам бий болно. Энэ толгод жуулчдаас гадна азийн орнуудад асар үнэтэй 40-60 мянган доллар хүрдэг шонхор шувууг хууль бусаар агнах сонирхолтой хүмүүсээр дүүрнэ. Үүний зэрэгцээ Укокт олон толгод байдаг. Азаар хөндөгдөөгүй өнөө хүрчээ. Археологичид олон жилийн тэртээгээс энд ажиллаагүй байна. Өвөг дээдсийн шарилыг хөндөж байгаад нутгийн ард түмэн дургүйцсэний дараа Алтайн бүгд найрамдах улсын засаг захиргаа тэнд малтлага хийхийг хориглосон юм. Хийн хоолойг толгодоыг тойруулан тавих боломжгүй байна. Хийн хоолой тавихыг хэн ч эсэргүүцээгүй. Гарцаагүй хэрэгтэй эд. Гэхдээ хийн хоолой тавих маршрутын өөр хувилбар байна. Хэдэн арван жилийн дараа хий дуусна. Укок өнөөдрийнх шиг хэзээ ч болохгүй.
Одоо бид Булган аймгийн Хишиг-Өндөр сумын оршин суугч Ц.Даваасамбуугийн хүсэлтийг биелүүлье. Тэрээр хүү Туваасүрэн, Лхагвасүрэн, охин Сарангэрэл, эгч Лхагвасүрэн, Оюундэлгэр, Эрдэнэт хотод суугаа Нарангэрэл нарт хөгжмийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн юм. “Сайхан тал нутаг” дууг сонсоно уу.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Төв аймгийн Баянчандмань сумын оршин суугч Д.Дашринчин, Ч.Доржсүрэн, мөн Эрдэнэт хотын Д.Товуусүрэн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотын С.Базар, Өвөрхангай аймгийн Сант сумын П.Дүвжир нар оросын мал аж ахуйн салбарт гарч байгаа амжилтыг сонирхожээ. Халимагт адууны аж ахуй хэрхэн хөгжиж байгаа талаар бид өнөөдөр ярина. Салбарын хамгийн чухал бөгөөд эдийн засгийн ашигтай чиглэл нь мах, айрагны чиглэлийн адуу сүргийг хөгжүүлж байна. Адууны мах гэрийн тэжээмэл бусад амьтны махнаас шим тэжээлийн хувьд хавьгүй илүү гэдэг нь тодорхой. Европын Холбооны орнуудад адууны махны үнэ гахай, хонины махны үнээс хоёр дахин их байдаг. Тонн адууны мах тонн цөцгийн тосноос илүү үнэтэй. Халимагийн адуун сүрэг тэжээлийн 80 гаруй хувийг зун, өвлийн улирал бэлчээрээс хангадаг. Ихэнх бэлчээр нутаг ялангуяа цас их унасан үед зөвхөн адуу энэ болон бусад давуу талыг үл харгалзан тус бүгд найрамдах улсын байгалийн нөхцөлд махны балансаар адууны хувийн жин Халимагт 4 хувиас дөнгөж илүү гардаг байна. Адуун сүрэгт үйлдвэрлэлийн үр ашгийн зонхилдог үзүүлэлт нь унаганы тоо юм. Салбарын үр ашгийг нэмэгдүүлснээр үржил селекцийг сайн хийх, малчдыг материаллаг байдлаар урамшуулах зэрэг бусад хүчин зүйлд нөлөөлнө. Адуун сүргийн 2-3 үеийн үржил селекцийг ажлыг сайн хангаснаар адууны махны үр шим 25-30 хувиар нэмэх боломжтой юм.
Н: Өнөөгийн байдлаар Халимагийн хөдөө аж ахуйн байгууллагад 7500 адуу, хөдөө аж ахуйн хүн ам 4200, фермерийн аж ахуйд 5500 байна. Тариалан-фермерийн аж ахуйд адууны тоо толгой илт нэмэгдсэн нь найдвар төрүүлж байна. Адууны тоо толгой 60 гаруй хувиас илүү гарчээ. Хөдөө аж ахуйн байгууллагад халимаг үүлдэрийн адууны хувийн жин 68 хувьтай байна. Англи, оросын уналагын үүлдэрийн адуу, мөн ахалтекин, башкир, кушум үүлдэрийн цөөн тооны адуу бий. Нутгийн адуу болон хатираа үүлдэрийн адуунаас гарсан эрлийз адуу нь хүйтэнд тэсвэргүй, маллахад айдаар ааштай байдаг аж. Халимагийн адуу бүхий л шаардлагыг хангадаг болохоор энэ адууг бусад үүлдэртэй эвцэлдүүлэх хэрэггүй юм. Одоо Халимагт 2012 он хүртэл адуун сүргийг хөгжүүлэх үзэл баримтлалыг боловсруулж байна. Хонь, бог, бод малыг сэргээх хөтөлбөрийн дагуу мал ажхуйн бүтцэд халимаг адууны хувийн жинг 30 хувьтай болгоно.
Манжиевиын “Миний Элист” дуугаар нэвтрүүлгээ үргэлжлүүлье.
Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын оршин суугч Д.Лхагвасүрэн сагадайн будааг Орос улсад хэр ашигладаг талаар сонирхожээ. Ашиглалгүй яах вэ. Дэлхийн хэмжээнд жил тутам 1,5 сая тонн сагадайн будаа хураадаг. Үүний тал хувийг Орос улс болон ТУХН-ийн улс хангадаг. Энэ будааны ургацын дундаж хэмжээ тийм ч их биш. Га талбайгаа ердөө 4-5 центнер будаа хураана. Гэхдээ энэ будааг тарьж, хураахад их амаргүй. Гэсэн ч, тэжээллэг, амт чанар сайтай учир хүмүүс энэ будааг их тариалдаг. Үүнээс гадна сагадайн будаа нь сайн бал агуулдаг, эмчилгээний чанартай бөгөөд бусад ургамалын гарцыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна. Сагадайн будааны бал амт, чанарын хувьд хамгийн сайн бөгөөд ханиад, томууг дарах үйлчилгээтэй юм. Орос улсад эрт дээр цагаас сагдайн будааны агшаамлын илчлэг чанарыг үнэлж, энэ уламжлал өнөө хүртэл үргэлжилж байна. Бүх төрлийн будаа ямар нэг хэмжээнд эмчилгээний чанартай бөгөөд сагдайн будаа гойд анагаах үйлчилгээтэй гэж эрдэмтэд үзэж байна. Төвдийн анагаах ухаанд энэ будааг эмийн хувиар ашигладаг. Сагдайн будаанд уураг, тос, нүүрс ус, кальц, фосфор, йод, витамин В1, В2, рутин зэрэг тэжээллэг чухал бодис агуулагддаг.
Витамин В1 буюу тиамин нь мэдрэл, булчингийн системийн ажиллагааг хэвийн болгож, хоол боловсруулах эрхтний ажиллагаанд нөлөөлдөг байна. Витамин В2 буюу /рибофлавин/ нүүрс ус, уураг, тосны солилцоонд идэвхтэй оролцдог. Энэ витамин дутагдвал нүдний холбогч бүрхүүл үрэвсэх, цус багадаж, нэхдэс нөхөгдөх үйл явц алдагддаг. Сагдайн будаа нь хоол хүнсэнд махыг бүрэн орлох чанартай. Аргич, гамтай гэрийн эзэгтэй сагдайн будааг эртнээс үнэлдэг байсан. Сагдайн будааны уургийн чухал чанар нь сайн шингэж, уусдаг. Харин ийм уураг сагдайн будаанд 86 хувь байдаг. Сагдайн будаа төмөр их агуулдаг. Сагдайн будаанд их агуулагддаг нимбэг, алимны хүчил нь хоол шингээх үйл явцыг зохицуулдаг байна. Сүүтэй сагдайн будааны агшаамал хамгийн их тэжээллэг хоол юм. 100 орчим тэжээллэг бодис агуулдаг сүү болон сагдайн будааны тэжээллэг хэсгүүдтэй нэгдэснээр гайхалтай үр нөлөөтэй юм. Судас хатуурах, элэгний өвчин, даралт ихсэх, янз бүрийн гаралтай хавангийн өвчинд сагдайн будаатай хоол зохимжтой юм. Сагдайн будааны навч, цэцгээр хийсэн эмийн бэлдмэл нь цусны судасыг бэхжүүлж, ил шархыг хурдан аниулж, амьсгалын дээд замын өвчин, улаан эсэргэнэ, кор, туяны өвчинд тустай юм. Тэжээллэг бодисоос гадна навч, цэцгэнд рутин их агууллагддаг учир ийм олон сайн үйлчилгээтэй байгаа юм хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.
Манай нэвтрүүлэг өндөрлөх дөхөж байна. Ч.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр Иосиф Кобзоны дуулсан “Орос улс эх орон минь” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний бүх асуултанд дуртая хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлнэ. Манай нэвтрүүлгийн жинхэнэ зохиогч нь сонсогч та өөрөө шүү дээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>