Оросын домогт сансрын нисэгч Сергей Крикалев 8-р сарын 27-нд хагас зуун жилийн ойгоо тэмдэглэж байна. Тэрээр ЗХУ-ын баатар, Орос улсын баатар, Францын хүндэт легионы одон, НАСА-ийн медаль хэдийн хүртсэн бөгөөд тавин насны ойн босгон дээр “Орос улсын бахархал” цол хүртээлээ. Крикалев дэлхийн 212-т ордог сансрын нисэгч. Тэрээр зургаа удаа нисэхдээ тойрог замд 803 хоног байжээ. Задгай сансарт 8 удаа гарахдаа агааргүй орон зайд нийт дүнгээр 41 цаг 26 минут ажилласан байна. Сансрын нисэгчдийн отрядад тэр 20 гаруй жил зүтгэхдээ хийсэн ажил нь ямагт “анх удаа” гэсэн үг дагалдаж байв. Сергей Крикалев одоогийн Санкт-Петербург хот буюу Ленинград хотод төржээ. Механикийн дээд сургууль дүүргээд сансрын нислэгийн тоног төхөөрөмжийг туршдаг “Энергия” шинжлэх ухаан үйлдвэрлэлийн байгууллагад ажиллажээ. Түүнийг 1985 онд сансрын нисэгчдийн эгнээнд элсүүлсэн байна. Тэрээр хөлгийн инженерийн хувиар 1988 оны 11-р сард “Союз ТМ-7” хөлгөөр анх удаа сансарт нисчээ. Сергей Крикалев 1990 оны 12-р сард сансарт хоёр дахь удаа ниссэнийг тусад нь өгүүлэх хэрэгтэй. Тухайн үед түүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “тойрог замд мартагдсан сансрын нисэгч” хэмээн нэрлэхээс аргагүй байв. Сансрын 9 дэх экспидицээс Крикалев 5 сарын дараа эх дэлхийд буцах ёстой байсан юм. Нислэг дуусахын өмнөхөн түүнийг тус станцад дахин хагас жил байлгахаар шийджээ. Тавин насны ой тохиосон сансрын нисэгч энэ явдлыг эргэн дурсахдаа: «Тухайн хүн 5 км гүйдэг бол 2-3 км дараа түүнд тав бус 10 км замд гүйгээд байна гэж хэлдэг. Замынхаа талыг туулсан хэмээн бодож байхад замынхаа дөрөвний нэгийг ч туулаагүй болохыг гэнэт мэддэг». Крикалев “Мир”станцад дараагийн багтай үлдэж, 312 хоног нисээд сансрын дээд амжилт тогтоосон юм. Энэ бүхэн аяандаа болдоггүй гэдэгт Сергей Крикалев итгэлтэй байна. Асар их хүч, хөдөлмөр гаргаж байж амжилтанд хүрдэг. Дээд амжилт тогтоох нь гол биш ээ. Би дээд амжилт эвдэхийн тулд нисээгүй. ЗХУ байх үед ниссэн Крикалев 1992 оны 3-р сарын 22-нд өөр улсад буцаж ирсэн юм. Тэрээр Орос улсын баатар цол хүртсэн анхны сансрын нисэгч билээ. Сергей Крикалев 1994 онд оросын сансрын нисэгчдээс анх удаа “Дискавери” шаттл хөлгөөр сансарт ниссэн юм. Тэрээр олон улсын сансрын станцад төвхнөөгүй байхдаа хөлгийн хаалгыг хамгийн түрүүнд нээхийн тулд 4 жилийн дараа АНУ-ын шаттл хөлгөөр дахин ниссэн байна. Би 21-р зууныг тойрог замд угтсан гэж Сергей Крикалев дурсаж байна: «Нэг зуунаас нөгөө зуунд, нэг мянганаас нөгөө мянган жилд шилжиж буйг, мөн хэдэн мянган жил оршиж байгаа пирамидыг сансраас харж, бусдад үзүүлэх сонирхолтой байдаг». Өнөөдөр Сергей Крикалев сансрын нислэгийг газраас хангах үйлсэд зүтгэж байна. «Сансрын нисэгчээр ажиллаж дуусаагүй байна гэж Крикалев хэллээ. Сансрын нисэгч хэдэн жил тутамд эсвэл жил бүр сансарт нисэх албагүй. Сансрын нисэгчид газар хийх мундахгүй их ажил бий». Сергей Крикалев сансрын нисэгч асан гэж байдаггүйн тод жишээ билээ. Тэрээр янз бүрийн нөхцөл байдлаас гарах ер бусын туршлагатай дээд зэргийн мэргэжилтэн. Тиймээс гариг хоорондын анхны нислэгт сансрын нисэгчдийг сонгон шалгаруулбал Орос улсаас Сергей Крикалев нэг нэр дэвшигч хэдийн тодорсон байгаа. Тэр зуугийн талыг насалсан ч, гайхалтай эрч хүчтэй хэвээр байна. Крикалев усан сэлэлт, цана, теннис, виндсерфинг зэрэг спортоор хичээллэдэг юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>