Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт тэргүүлэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгд ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн юм. Бид АНУ гэх мэт өрнөдийн түншүүдтэйгээ үр бүтээлтэй харилцах бодолтой байна. Үүний тулд харилцан бие биенээ хүндэтгэх, прагматизм хандлагатай байх ёстой. Д.Медведев Өмнөд Осет, Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, гадаад бодлогын хэд хэдэн асуудлаар байр сууриа тайлбарлаллаа. Энх тайван тогтооход Гүржийг албадах ажиллагаа эхлэх үед АНУ болон түүний ойрын холбоотнууд, мөн өрнөдийн олон нийтийн хэд хэдэн хэрэгсэлд Орос, өрнөдийн харилцаа муудаж, дахин “хүйтэн дайн” дэгдэнэ хэмээн таамаглаж байсан. Энэ байдлаас зайлсхийх боломжтой гэж Д.Медведев үзэж байна. Гүржийн нутгаас цэргээ гаргах үүргээ биелүүлэхгүй байна хэмээн Саакашвилийн дэглэмийн хамсаатнууд Орос улсыг буруутгасныг Ерөнхийлөгч эрс үгүйсгэлээ. «Энэ бол худал. Медведев-Саркози хэмээн нэрлэх болсон гэрээний зургаан зарчмын үүргээ Орос улс бүрэн биелүүлсэн. Манай цэрэг Гүржийн нутгаас гарч, “аюулгүй байдлын зурваст” үлдсэн» гэж Д.Медведев онцлон тэмдэглэв. Өмнөд Осет, Абхазийн тухайд Оросын байр сууринаас болж шинэ хямрал дэгдээхээс зайлсхийхийг Д.Медведев уриалав. Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тохиолдол бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Косовын тохиолдол өөрийн гэсэн онцготой. Осет, Абхаз мөн онцготой. Гүржийн нэгдсэн төр улсыг сэргээхэд бид сүүлчийн мөч хүртэл туслахыг чармайж байсан. Гэвч бүтсэнгүй. Гүрж улс халдан түрэмгийлэхээр шийдсэний дараа алхаар сүүлчийн хадаасыг хадсан. Тиймээс энэ нөхцөлд эдгээр ард түмнийг хамгаалах цорын ганц арга бол олон улсын хууль эрхийн субъектын хувьд хүлээн зөвшөөрөх, төрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх явдал юм хэмээн Д.Медведев тэмдэглэв. Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Орос улс үүний үр дагаврыг бүрэн ухамсарласны үндсэн дээр ийм хүнд шийдвэр гаргалаа. Кавказын байдлын тухайд өрнөд болон Орос улс санал зөрөлдөөнтэй байгаа нь зайлшгүй хэрэг биш хэмээн Д.Медведев тэмдэглэв. АНУ-ын ард түмэн сонгосон дурын засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Орос улсын ерөнхийлөгч мэдэгдэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>