Өнөөдрөөс дөрвөн жилийн дараа болох олимпийн наадмын хугацааг хуруу даран тоолж эхэлнэ. Ням гаригт болсон Бээжингийн наамдын хаалтын ёслолд олимпийн цөгцийг Лондонд шилжүүллээ. Лондонд болох олимпийн наадамд дөрвөн жилийн дараа дахин цуглахын тулд боломжтой бүхнийг хийхийг Олон улсын олимпийн хорооны тэргүүн Жак Рогге дэлхийн залуучуудад уриаллаа. Бээжингийн олимп түүхэнд үлдлээ. Тэмцээн уралдаан сайхан болж, Хятад улс олимпийн наадмыг онцгой сайн зохион байгууллаа хэмээн Жак Рогге тэмдэглэв. Үндэсний олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа түүнтэй ижил байр суурь илэрхийлсэн юм. «Олимпийн наадмын түүхэнд наадмыг хамгийн сайн зохион байгууллаа. Спортын гайхалтай байгууламж, гайхалтай үйлчилгээ, сайн дурын ажилтнууд сэтгэл гарган ажилласан, боломжийн үнэ зэргийг хэлэх байлаа. Хэлний бэрхшээл байсан ч, орчиндоо түргэн дасан зохицсон. Миний оролцсон сүүлийн үеийн бүх олимпийн наадмаас энэ удаа хамгийн шилдэг нь боллоо. 1980 оны Москвагийн олимпийн наадам зохион байгуулалт, соёл, журам, олимпийн нээлтийн үзэсгэлэнтэй байдал зэргээрээ энэ удаагийнх шиг болж байсан». 86 орон, нутаг дэвсгэрийн тамирчин 16 хоногийн турш шагнал гардуулах тавцанд гарав. Наадмын түүхэнд ийм үйл явдал тохиож байгаагүй. Үүнээс гадна анх удаа дэлхийн 40 гаруй, олимпийн 120 гаруй дээд амжилт тогтоов. Олимпийн наадмын үр дүнгийн өөр нэг онцлог нь энэ юм. Наадмыг зохион явуулахад 40 тэрбум орчим доллар зарцуулсан нь өмнө зохион байгуулсан хамгийн өртөг өндөртэй наадмуудаас хэд дахин их байна. Хятадууд өргөн далайцтайгаар хамгийн тэргүүн зэргийн материал, технолги ашиглан спортын объектыг тэгээс нь барьж босголоо. Энэ зардал наадмыг чанарын шинэ түвшинд зохион байгуулах үлгэр болов. Одоо Лондон наад зах нь энэ дээд хязгаараас хэтрүүлэхгүй болохоо батлах ёстой болж байна. Бээжингийн олимпийн наадамд сэргээштэй холбоотой хамгийн бага буюу 6 маргаан дэгдсэн нь эргэлзээгүй амжилтын нэг байв. Гэхдээ энэ нь “цэвэр спортын” ялалт биш юм. Бээжингийн наадмын телевизийн үнэлгээ өмнөх олимпийн наадмынхаас 20-30 хувиар илүү байна. Энэ нь наадмыг цаашид арилжааны хэлбэрт оруулж байгаа нь “ялах бус оролцох нь чухал хэмээх” олимпийн хөдөлгөөний үндсэн зарчимтай зөрчилдөж байна. Ивээн тэтгэгчид гарамгай ялалт, дээд амжилтанд хөрөнгө хаяж байна. Спортын олон төрөлд дээд амжилт тогтооход бие, физиологийн чадварыг дээд хэмжээнд шавхасан. Тэгхэлээр спортод дээд амжилт тогтооход биологи, анагаах ухааны технологи нөлөөлөх нь дамжиггүй. Улс төрийн технологийн хувьд Бээжингийн олимпийн наадам спорт улс төрөөс ангид болохыг баталлаа. Олимпийн энэ үндсэн зарчмыг төвөггүй хамгаалж чадсан юм. Тамирчид Төвдөд явуулж байгаа Бээжингийн бодлого, Хятадад хүний эрхийг зөрчиж байгаа тухайд улс төрийн эсэргүүцлийн аянд оролцохоос татгалзсан нь шийдвэрлэх үг болов. Бээжингийн олимпийн наадамд олимпийн ганц ч тамирчин улс төрийн жагсаал цуглаанд оролцоогүй. Бээжингийн олимпийн амжилтанд үүнийг бас оруулж болно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>