Пакистаны Равалпинди хотоос холгүй орших зэвсгийн үйлдвэрийн нутаг дэвсгэрийн хаалганы ойролцоо 2 удаа дэлбэрэлт болж, 60 гаруй хүн үрэгдэж, 70 гаруй хүн шархаджээ. Манай тоймч Георгий Ванецов тайлбарлахдаа, Первез Мушарраф өнгөрсөн даваа гаригт албан тушаалаасаа огцорсноос хойш Пакистанд гарсан 2 дахь том алан хядах ажиллагаа нь энэ юм. Амиа золиослогч этгээд мягмар гаригт Дера Исмаил Хан тойргийн эмнэлгийн хаалганы ойролцоо өөрийгөө дэлбэлжээ. Талибан хөдөлгөөнийхөн энэ үүнийг үйлдэснээ хүлээсэн юм. Афганистантай хиллэдэг Бажура дүүрэгт цэргийн ажиллагаа явуулсны хариуд ийм хариу арга хэмжээ авсан гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Маулави Омар хэлсэн юм. Энэ үеэр 500 лалын шашинтан амь үрэгдсэн юм. Пакистаны шинэ засаг захиргаа тэдэнтэй энхийн яриа хэлэлцээ хийхээр зэхэж байсан энэ үед дэлбэрэлт болов. Первез Мушарраф албан тушаалаа орхисноор Пакистанд лалын тулгуур үзэлт бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжиж магадгүй хэмээн болгоомжилж байна. Первез Мушарраф лалын бүлэглэлүүдтэй амжилттай тэмцэж байсан юм. Алан хядах ажиллагаа идэвхжихийн зэрэгцээ байдал хурцадсаар байна. Мушаррафыг хэн залгамжлах нь тодорхойгүй байгаа нь Пакистаны байдалд сөргөөр нөлөөлж байна. Төрийн дээд албан тушаалд эрх баригч томоохон хоер намын удирдагч Асиф Али Зардари боло Наваз Шариф нар өрсөлдөж байна. Пакистаны ардын нам /ПАН/ хэдийн холбогдох шийдвэр гаргасан. ПАН болон Наваз Шарифын тэргүүлдэг лалын лигийн намууд зөвхөн үүнээс гадна бусад асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа юм. Первез Мушаррафын ажлаас халсан шүүгчдийг хуучин ажилд нь буцааж оруулахгүй бол эвслийн бүрэлдэхүүнээс гарна хэмээн Наваз Шариф пүрэв гаригт анхааруулсан юм. Лалын лигийн удирдагч Наваз Шариф түүнд ойр дотно Дээд шүүхийн шүүгч Ифтихар Чоудрийг хуучин ажилд нь оруулахыг шаардаж байгаа юм. Харин Али Зардари үүнийг эсэргүүцэж байна. Дээд шүүхий шүүгч асан Чоудри 1990-ээд оны эхээр Али Зардарийг авилгын хэрэгт буруутган, эрүүгийн хэрэг үүсгэснээ сэргээж магадгүй хэмээн Али Зардари нэлээд болгоомжилж байна. Тэгэхлээр Первез Мушарраф ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсноор улс орны байдал тогтворжиж, эрх баригч эвсэл бэхжинэ хэмээн Пакистан болоод хилийн чанадад итгэж байсан найдвар нүдэн дээр алдарч байна. Ядаж дээр дурдсан асуудлыг шийдэхгүй бол Пакистанд хэт даврах үзэл, хүчирхийллийн давалгаа босч, эдийн засгийн байдал муудаж, цэргийн эргэлт гарах аюул нүүрлэж байна. Пакистан судлаач, нэрд гарсан эрдэмтэн Владимир Сотников энэ талаар ийм бодолтой байна: «Миний бодлоор цэргийн хүрээнийхэн Пакистаны байдал уруудан муудаж байгааг хараад суухгүй байх. Пакистаныг дахин хүчирхэг гараар удирдахын тулд төрийн эрхэнд дахин гарахыг оролдох байх”.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>