Иракт алба хааж байгаа олон үндэстний хүчний НҮБ-ын мандат оны төгсгөлд дуусах бөгөөд үүнийг орлох хоёр талын гэрээ боловсруулах тухай Вашингтон, Багдадын яриа хэлэлцээний гол бэрхшээлтэй асуудал нь АНУ-ын цэргийг гаргах хугацааг тогтоох тухай юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Багдаад айлчилсан үр дүнг ийнхүү дүгнэж болохоор байна. Талууд америкийн цэргийг гаргах түр график төлөвлөгөөг тохиролцсон тухай Иракийн Гадаад хэргийн сайд Хошияр Зибари болон Кондолиза Райс нар хамтарсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Гэрээний тухайд хараахан бэлтгэж дуусаагүй тухай хэлсэн. Цэргийг бүрмөсөн гаргах тухайд ирак, америкийн байр суурь давхцахгүй байна. Нэрийг нь дурдахгүй байхыг хүссэн эх сурвалжийн хэлснээр Нури аль-Маликийн засгийн газар АНУ-ын цэргийг 2010 онд, хамгийн хожуу гэхдээ 2011 онд гаргахыг шаардаж байгаа аж. АНУ-ын дарга нарын штабын нэгдсэн хорооны дарга адмирал Майкл Муллений мэдэгдлийг жишээ татаж болох юм. Иракт америкийн цэргийн алба хаах хугацааг тогтоох тухайд түгшиж байгаагаа тэрээр саяхан мэдэгдсэн юм. Америкийн цэргийг Иракаас гаргах хугацааг эрт тогтоовол Персийн булангийн тогтвортой байдал алдгадах аюултай гэж тэр хэлсэн юм. Ийнхүү мэдэгдсэн нь Иракт америкийн цэргийг одоогийнх шиг өргөн хүрээнд биш ч гэсэн урт хугацаанд байлгах сонирхолтой байна гэж дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Пикаев үзэж байна. «Хамгийн гол нөхцөл нь америкийн цэргүүд Иракт чөлөөтэй ажиллах явдал юм. Өөрөөр хэлбэл иракийн иргэдийн тухайд тодорхой ажиллагаа явуулах боломжтой байхыг хэлж байна гэж Александр Пикаев мэдэгдэв. Иракийн засгийн газрын хувьд энэ доромжилсон хэрэг юм. Америкийн эзлэн түрэмгийлэгчдийн ашиг тусыг бодон Иракийн тусгаар тогтнолоос татгалзсан хэмээн засгийн газрыг хүчтэй буруутгаж байгаа юм». Иракт зүгээр ч нэг цэргээ байлгах бус АНУ тус улсын нефтийн нөөцөнд хяналт тавих бодолтой байна. Үүний улмаас америкчүүд 2003 оны 3-р сард Иракт халдсан билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>