Оросын чөлөөт бөх Ширвани Мурадов Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртлээ. Тэрээр пүрэв гаригт 96 кг жинд барилдаж алтан медаль хүртжээ. Олимпийн наадам эхэлснээс хойш 13 дахь өдөр оросын чөлөөт бөхийн тамирчид амжилттай барилдаж, бүх төрлийн медаль хүртлээ. Ширвани Мурадов Оросын шигшээ багт 15 дахь алтан медалийг авчирлаа. Бусад жинд барилдсан Бахтияр Ахмедов, Георгий Кетоев нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Олимпийн наадмын чөлөөт бөхийн сүүлчийн тэмцээний шувтаргад 23 настай Ширвани Мурадов Казахстаны бөх Таймураза Тигиевыг ялсан байна. Оросын тамирчин Олимпийн наадамд анх удаа оролцож, алтан медаль хүртэж, дорвитой амжилт гаргалаа. Бээжингийн олимпийн наадамд оросын бөхийн тамирчид гайхалтай сайн оролцов. Сонгодог бөхийн тамирчин Исламбек Альбиев, Назир Манкиев болон Асланбек Хуштов нар алтан медаль хүртсэн юм. Домогт бөх Бувайсар Сайтиев чөлөөт бөхийн 74 кг жинд барилдаж, алтан медаль хүртсэн байна. Дэлхийн зургаан удаагийн аварга Сайтиев олимпийн наамаас гурав дахь удаа алтан медаль хүртэж, гарцаагүй хүчтэй болохоор харууллаа. Ур чадвар, сэтгэлийн тэнхээгээр аварга болсон гэж Бувайсар Сайтиев үзэж байна. «Барилдаан амаргүй байсан болохоор ялна гэдэгтээ итгээгүй. Бодож байснаас ч, илүү хүнд байсан. Хүчтэй өрсөлдөгчтэй барилдсан тул 100 хувь хамаг хүчээ шавхаж, яллаа. Энэ ялалтаа олон мянган хөгжөөн дэмжигчдэд зориулж байна. Миний төлөө сэтгэл зовниж байсан бүх хүнд маш их баярлалаа. Манай тамирчин нэг бус удаа ялна. Улс орныхоо төлөө хөдөлмөрлөнө». Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа Бахтияр Ахмедов чөлөөт бөхийн 120 кг жинд өнөөдөр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний шувтаргад тэрээр Афины олимпийн наадмын аварга Узбекистаны тамирчин Артур Таймазовт ялагдсан юм. 21 настай Бахтияр Орос улсын аварга, Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, энэ удаагийн Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Оросын тамирчин Георгий Кетоев өнөөдөр хүрэл медаль хүртсэн байна. 2007 оны европ, дэлхийн аварга тэрбээр 84 кг жинд Германы бөх Давид Бачинашвилитэй гуравдугаар байрын төлөө барилдаж, ялжээ. Бээжингийн олимпийн бөхийн тэмцээн дууслаа. Оросын тамирчид энэ төрлийн спортод үнэмлэхүй олон медаль тухайлбал 6 алт, 3 мөнгө, хоёр хүрэл нийт 11 медаль хүртжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>