Орос улсын хөнгөн атлетикч Елена Исинбаева олимпийн хоёр удаагийн аварга болов. Спортын тулгууртай харайлтын хатан хаан Бээжингийн олимпийн наадамд Афины олимпийн наадамд үзүлсэн амжилтаа зүгээр ч нэг давтсангүй. Тэрээр 5 метр 5 см өндөрт харайж, тооцоогоор дэлхийн 24 дэх амжилтыг эвдлээ. Олимпийн наадамд түрүүлээд зогсохгүй дэлхийн дээд амжилт тогтоох эртний хүслээ биелүүлж чадсан гэж Елена Исинбаева хожим хэлсэн юм. Америкийн тамирчин Женифер Стучиньски мөнгө, Оросын тамирчин Светлана Феофанова хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс хэн ч ийм өндөрт харайж байгаагүй. Исинбаева хэдэн жил дараалан өндрөөс өндөрт харайж, өрсөлдөгчид нь түүний спортын амжилтыг ажиглахаас өөр аргагүй болж байна. Бээжингийн олимпийн наадам эхлэхийн өмнө америкийн хөнгөн атлетикч Женифер Стучиньски Еленатай эн тэнцүү өрсөлдөнө гэж хэлсэн боловч, энэ хэрэгжсэнгүй. Америкийн тамирчин 4 метр 80 см өндөрт харайжээ. Олимпийн гайхамшиг туурвихын тулд Елена Исинбаева гурван удаа харайж, сүүлчийнх нь амжилттай болов. Елена Исинбаева олимпийн оргилд хүрсний дараа энэ алтан медаль, дэлхийн дээд амжилт бол миний ээжийнхээ төрсөн өдөрт барьж байгаа бэлэг хэмээн хэлсэн юм. «Эхний оролдлогоор амжилттай харайсан бол сайхан хэдий ч, гурав дахь оролдлого амжилттай болсон нь сайн хэрэг. Оросын үзэгчид дэмжсэнд талархаж байна. Оросын далбаа зөндөө байсан. Бүгд Лена, Лена чи шилдэг нь харайгаарай гэж хашгирч байсан. Гурав дахь оролдлогоор 5 метр 5 см өндөрт харайна гэж зарлах үед, Лена, бид чамд итгэж байна. Миний сэтгэл их догдолж байна гэж тал талаас хашгирч байсан. Би дэлхийн 24 амжилт тогтоолоо. Дэлхийн дээд амжилт тогтоогоогүй бол би ийм аз жаргалтай байхгүй байсан” гэж Елена Исинбаева сэтгэл хөдлөн ярив. Тамирчин бүсгүй алтан медаль хүртээд, мөн бусдаас нуугдахаа больсондоо баярлаж байв. Наадам эхлэхийн өмнө Елена Олимпийн тосгонд өрөөндөө байсан бөгөөд гудамжинд гарахдаа саравчтай малгай, хар шил зүүж, чихэвчээр хөгжим сонсож, хүмүүсийг анзаарахгүй байхыг хичээж байжээ. “Тэмцээний өмнө элдэв шуугиан саад болдог тул би анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байлаа”. Дэлхийн 36 дээд амжилт тогтоосон, нэрд гарсан хөнгөн атлетикч Сергей Бубкийн амжилтыг эвдэх нь Елена Исинбаевын их мөрөөдөл юм. Лондоны олимпийн наадам болохоос дөрвөн жилийн хугацаанд энэ амжилтыг эвдэх боломж надад байна гэж Елена Исинбаева инээмсэглэн ярив.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>