БНХАУ-ын хэвлэлийн газрын санаачилгаар дэлхийн тэргүүлэх мэдээллийн агентлаг, телевиз, радио компанийн 90 гаруй удирлага Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээнд Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн ижил төстэй хэрэгслийн хүндэт зочноор оролцлоо. “Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденко Хятадын Олон улсын радиогийн урилгаар дөрвөн жил тутамд болдог спортын наадамд радиогоо төлөөлөн оролцов. Андрей Давыденко Москвад хүрэлцэн ирсэн даруйдаа “Оросын дуу хоолой” радиогийн Азийн редакцийн тоймч Людмила Маценкотой сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Асуулт: Андрей Иванович, та олон орноор аялсан. Харин энэ удаа Хятад улсад анх удаа очлоо. Энэ улсад өөрийн биеэр очиход төсөөлж байсантай нийцсэн үү?
А.Демиденко: Хятад улсад анх очиход төсөөлж байсанаас илүү их сэтгэгдэл төрсөн. Хятад улс миний хувьд ямагт оньсого байсан. Тус улсад очоод энэ оньсгыг тайлсан гэж хэлэхгүй. Хятад улс миний хувьд шинэ хязгаарыг нээлээ. Ямар ч улсыг хүүхэд, ахмадуудад хэрхэн хандаж байгаагаар бус эх түүх, соёолдоо хэрхэн хандаж байгаагаар дүгнэдэг заншилтай гэж Андрей Давыденко санаагаа тайлбарлаж байна. Хятадын ард түмэн үүх түүхээ хэрхэн хүндэлж, үндэсний соёлын өв дурсгалд хэрхэн гамтай хандаж байгааг би тэнд очоод мэдэрсэн. Хүмүүстэй ярилцасны дүнд орчин үеийн Хятад гэж юу болохыг ойлгосон. Миний хувьд энэ улс түүхээ мэддэг, ирээдүйн төлөө ажилладаг улс. Үнэхээр хөдөлмөрч ард түмэн. Энэ бүх хүчин зүйл уялдасны дүнд Хятад улс эдийн засагт гарамгай амжилт гаргаж, дээд зэргийн технологид дэвшил гаргасан болов уу. Жишээ хайж хэрэггүй. Бээжингийн Олимпийн наадамд зориуд босгосон спортын объекттай танилцахад л хангалттай. Хятад улс долоон бээрийн ахамаар ирээдүй тийш тэмүүлж байгаа нь тодорхой. Олимпийн наадмын зочид, тамирчдад сайн дурын ажилтнууд онцгой анхаарал тавьж байгаа нь их сэтгэгдэл төрүүллээ гэж Андрей Давыденко ярив. Сайн дурын олон хүн зочдод ямар ч асуудлаар тусалж байсан. Хятад улс хагас сая гаруй зочдод баярын жинхэнэ уур амьсгал, дээд зэргийн таатай орчныг бүрдүүлэхийг эрмэлзэж, үүнийг биелүүлж чадлаа гэж Андрей Давыденко ярив.
Асуулт: Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслолын арга хэмжээг наадмыг зохион байгуулсан түүхэнд хамгийн гайхалтай, томоохон хэмжээний шоу арга хэмжээ болсон гэж үзэж байна. Танд юу нь онцгой их сэтгэгдэл төрүүлсэн бэ?
А.Давыденко: Үүнтэй санал нэг байна. Үнэхээр гайхалтай жүжиг байсан гэж Андрей Давыденко ярив. Хэмжээ, гайхалтай найруулга, уран бүтээлийн ер бусын зоригтой санаа, инженерийн заль зэрэг нь уран сайхны санааг амьдралд хэрэгжүүлэх боломж олгосон. Үүн дээр үндэсний онцлогийг нэмж болох юм. Асар том цэнгэлдэх хүрээлэнгийн эрч хүч Андрей Давыденкод онцгой сэтгэгдэл төрүүлжээ. Цэнгэлдэх хүрээлэнд 100 мянган хүн, талбайд мөн тооны хүн байсан. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн дайтай хүмүүс гадна цугласан. Бараг бүх орныг төлөөлсөн үзэгчид бүх нийтийн баяр цэнгэл, гэгээн баярын уур амьгалд автсан байсан. Үзэгчид шоуг үзээд зогсохгүй түүнд оролцох боломж бүрдүүлсэн нь анхаарал татсан. Хүн бүрт тусгай цүнх бэлдсэн байсан. Цүнхэнд лонхтой ус, өнгө өнгийн алчуур, жижигхэн бөмбөр, таяг хэлбэртэй чийдэн хийсэн байсан. Эгнээ хооронд зогссон сайн дурынхны хөдөлгөөнөөр үзэгчид нэгэн зэрэг хөдөлгөөн хийж байсан. Тэдний удирдлагаар үзэгчид шаардлагатай үед бөмбөрөө нүдэж, алчуур, гар чийдэнгээр даллаж байв. Үнэхээр гайхалтай үзэгдэл. Томчууд хүүхэд аятай хөөрч баярлаж байсан. “Нэг ертөнц-бүгдийн мөрөөдөл” Бээжингийн олимпийн уриа билээ. Олимпийн хөдөлгөөний гол санаа, бүх үнэт зүйлийг агуулсан энэ үгийн утгыг янз бүрийн орны олон тэрбум хүн наадмын нээлтийн үеэр ойлгосон.
“Оросын дуу хоолой” радиогийн нэгдүгээр орлогч дарга Андрей Давыденкотой хийсэн ярилцлагыг хүргэлээ. Тэрээр Хятадын Олон улсын радиогийн хүндэт зочны хувиар Бээжингийн 29 дэх зуны олимпийн наадмын нээлтэд оролцоод саяхан ирсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>